Итали: Цэвэр агаар савлан худалдаанд гаргажээ
Анд нөхдийн мэдээ
2024-11-05
Италийн аялал жуулчлалын алдартай газар болох Комо нуурын дэргэдэх жуулчны байгууллага нутгийн цэвэр агаарыг савлаж, нэг лаазыг 10 еврогоор үнэлэн худалдаанд гаргасан тухай Их Британийн "The Times" сонин мэдээлэв. 400 мл-ийн хэмжээтэй савласан цэвэр агаарыг Комо хотын төвийн номын дэлгүүрүүд, ресторан, түүнчлэн нуур орчмын жуулчид олноор ирдэг газруудад худалдаж байгаа аж. Комо нуурын цэнгэг усан дээр моторт завь дүрсэлсэн загвартай энэ бүтээгдэхүүнийг аравдугаар сарын эхээр худалдаанд гаргасан бөгөөд бүтээгдэхүүний танилцуулга мэдээллээс харахад азот (78%) болон хүчилтөрөгч (21%)-өөс бүрддэг гэжээ. Бүтээгдэхүүнийг санаачилсан "Comunica" компанийн маркетингийн төлөөлөгч Нью-Йоркт олон жилийн турш худалдаалагдсан савтай агаараас санаа авсан болохоо дурдаад "Авч явахад хялбар бэлэг дурсгалын зүйл бүтээхийг хүссэн" гэжээ. Тус нутгийн холбогдох байгууллагын мэдээлснээр өнгөрсөн онд Комо нуурт 5,6 сая жуулчин ирсэн байна. Энэ нь дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад нэг саяаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Нөгөө талаар Холливүүдийн жүжигчин Жорж Клүни 2014 онд энэ нуурын эрэгт байрлах харшийг худалдаж авснаас хойш Америкийн жуулчдын тоо эрс нэмэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.