images

Их Британи: Амиа хорлох гэж байсан бүсгүй өөрийг нь аварсан залуутай гэрлэжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-05


   Их Британийн иргэн, сувилагч мэргэжилтэй бүсгүй амиа егүүтгэхээр галт тэрэгний зам руу үсрэх үед нэгэн залуу амжиж түүнийг аварчээ. Ингээд зогсохгүй тэд удалгүй гэрлэж шинэ амьдрал эхлүүлсэн тухай ВВС агентлаг мэдээлсэн байна. Энэ түүхийг тодруулан өгүүлбэл, 2019 онд 33 настай Шарлотт Рэй хэмээх бүсгүй сэтгэлийн гүн хямралд орсон үедээ шөнийн ээлжинд ажиллаж байсан бөгөөд сэтгэл гутралаа тэвчиж дийлэлгүй амиа хорлохоор шийдэн галт тэрэгний зам дээр гарч зогсчээ. Энэ үед галт тэрэгний жолооч Дэйв Рэй хэмээх эр даруй галт тэргээ зогсоон бууж бүсгүйд дөхөж очоод өмнө нь өвдөг сөхрөн сууж түүнд өөрийгөө танилцуулаад “Чамайг тайтгартал хоёул суугаад сайхан ярилцъя" гэжээ. Улмаар 30 минут орчим ярилцсаны эцэст бүсгүйг тайвшруулж гал тэргэндээ суулган явсаар аюулгүй газар хүргэж өгсөн байна. Энэ тухай Шарлотт хэлэхдээ “Тэр үеийг одоо ч тод санаж байна. Галт тэрэгнээс буугаад ирж яваа хүнийг хараад намайг учиргүй загнана байх гэж бодсон” гэжээ. Дараа өдөр нь Шарлотта бүсгүй тухайн дүүргийн Фэйсбүүк группт зар оруулж, амийг нь аварсан хүнийг олж талархсанаа илэрхийлэх хүсэлтэй байгаагаа нийтэлсэн бөгөөд удалгүй түүний утасны дугаарыг олж талархсан мессэж илгээжээ. Ингээд тэд байнга холбоотой байсаар хоёр сарын дараа нүүр тулан уулзсан аж. Гэтэл 2020 оны долоодугаар сард Дэйвийн бие чилээрхэж эмнэлэгт хандахад төмсөгний хавдартай гэсэн онош гарч сэтгэлээр ихэд унах үед Шарлотт бүсгүй түүнийг уйгагүй ятгасны хүчинд эмнэлэгт хандан эмчилгээ хийлгэснээр удалгүй эдгэрчээ. Энэ тухайд Дэйв “Шарлотт намайг ятгаагүй бол би эмнэлэгт хандаж тууштай эмчилгээ хийлгэх байсан эсэхээ мэдэхгүй байна. Тэр намайг аварсан” гэжээ. Улмаар тэд бие биенийхээ амийг аварсан тухай хошигнон ярилцаж хөгжилддөг байсан байна. Ийм учрал тохиолоор дотноссон тэд 2020 онд гэрлэж хоёр хүүхэд төрүүлэн эдүгээ аз жаргалтай сайхан амьдарч байгаа аж. Тэд энэ сайхан учралаа хүмүүстэй хуваалцаж, хэзээ нэгэн цагт илүү сайн цаг ирдэг гэсэн эерэг сэтгэгдэл хүргэхийг хүсч буйгаа уламжлаад "Хэн нэгний амьдралыг өөрчлөх гэж уртаас урт уйтгартай зөвлөгөө өгөх хэрэггүй.  Зүгээр хамт суугаад аяга цай уухад хангалттай" гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.