Мексик хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах бэлтгэлдээ оржээ
Анд нөхдийн мэдээ
2024-10-30
2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг АНУ, Канадтай хамтран зохион байгуулахаар болсон Мексик улс зочдоо хүлээн авах бэлтгэлээ базааж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд Мехико хотын “Benito Juarez” олон улсын нисэх онгоцны буудлын дотоод болон гадаад орчин, дизайныг сайжруулах уралдаан зарласан байна. Архитектурын чиглэлийн мэргэжилтнүүдээс ирүүлсэн саналыг судалж үзээд шилдэг санаан дээр тулгуурлан гадна фасад, терминалын хүлээлгийн талбай, гааль зэрэг 10 орчим талбайг засаж тохижуулахаар төлөвлөжээ. Тус улсын Засгийн газар нисэх онгоцны буудал, боомт, төмөр зам зэрэг томоохон дэд бүтцийн менежмент, ашиглалтыг Батлан хамгаалах яамны холбогдох алба, цэргийн компаниудад даатгадаг ажээ. Мексикийн Тэнгисийн цэргийн хүчин хөөрөх зурвас, ус зайлуулах систем, лифт, нэг, хоёрдугаар терминалыг холбосон төмөр зам зэрэг томоохон засварын ажилд доод тал нь гурван тэрбум песо зарцуулна гэж үзэж байна. "La Jornada" сонин энэ сарын 1-ний өдөр албан тушаалдаа орсон ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум энэ ажилд онцгойлон анхаарал хандуулж буйг онцолжээ. Нээлтийн ёслол болох Мехико хотын "Аzteca" цэнгэлдэх хүрээлэнд мөн засвар тохижилтын ажил эхлүүлээд байна. "Аzteca" цэнгэлдэх хүрээлэн нь 1970, 1986 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлт болон финалын тоглолтууд болсон түүхт газар юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.