Хар арьст таван залуу юуны учир Д.Трампыг шүүхэд өгөв?
Анд нөхдийн мэдээ
2024-10-22
35 жилийн өмнө, олон нийтэд "Central Park Five" хэмээн нэршсэн дуулиант гэмт хэрэгт холбогдон цагаадаж байсан таван хүн Дональд Трампын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Д.Трамп өнгөрсөн есдүгээр сард Камала Харристай мэтгэлцэх үеэрээ энэ хэргийн талаар сөхөн ярьж, тэдний талаар худал мэдээлэл тараасан байна. "Central Park Five" гэдэг нь 1989 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Йелийн их сургуулийг мастер зэрэгтэй төгссөн 28 настай цагаан арьст санхүүч Триша Мэйли хэмээх бүсгүйг Нью-Йоркийн Манхэттэн хотын төв цэцэрлэгт хүрээлэнд шөнө дөлөөр хэсэг этгээд бүлэглэн зодож хүчирхийлсэн хэрэг юм. Энэ хэрэгт цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж явсан хар арьст, латин гаралтай өсвөр насны таван хүүг холбогдуулан буруутгаж 6-13 жилийн хорих ялаар шийтгэсэн ч жинхэнэ гэмт хэрэгтэн өөр хүн байсан нь хожим тогтоогджээ. 2002 онд хүн амины болон хүчингийн хэргээр 33 жилийн хорих ял сонссон Матиас Рейес гэх этгээд уг гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрснөөр дуулиант хэрэг гарснаас хойш 13 жилийн дараа дээрх таван залууг цагаатгасан байна. Тэд Нью-Йорк хотын захиргааг шүүхэд өгч, 2014 онд нөхөн төлбөрт 41 сая доллар авч байжээ. Харин Д.Трамп уг хэрэг гарсан цагаас л тэднийг буруутган шүүмжилсээр ирсэн байна. Хэрэг гарах үед Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн бизнесмэн байсан Д.Трамп CNN телевизийн хөтлөгч Ларри Кингтэй хийсэн ярилцлагадаа “Би тэднийг үзэн яддаг” гэснээр барахгүй нэр бүхий дөрвөн сонинд 85 мянган доллар төлж тэдгээр залуусыг гэмт хэрэгтэн хэмээн буруутгасан утга бүхий мэдээлэл нийтлүүлж байжээ. Энэ удаад К.Харристай мэтгэлцэх үеэрээ Д.Трамп “Тэд хохирогчийн амийг хөнөөж, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн” гэж мэдэгдсэн тул дээрх таван хүн шүүхэд гомдол гаргасан байна. Тэд нэхэмжлэлдээ “Бид хэзээ ч тэр хэргийг хүлээж байгаагүй, бас хэргийн хохирогч нас бараагүй байтал Д.Трампын худал мэдээлэл тарааж бидний нэр төрд халдсан” гэжээ. Харин Д.Трампын сонгуулийн кампанит ажлын хэвлэлийн төлөөлөгч Стивен Ченг уг нэхэмжлэлийн тухайд "Сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн огт үндэслэлгүй яриа" гэсэн товчхон хариулт өгсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.