2026 онд саран дээр буух нисгэгчдийн хувцсыг танилцуулав
Анд нөхдийн мэдээ
2024-10-18
Италийн тансаг зэрэглэлийн “Prada” брэнд болон Америкийн “Axiom Space” компани 2026 онд саран дээр буух сансрын нисгэгчийн хувцсыг хамтран бүтээснээ олон нийтэд танилцуулав. CNN-ийн мэдээлснээр НАСА-гийн сарыг судлах ажиллагаанд өмсөх хувцасыг Олон улсын сансрын нисгэгчдийн бага хурал (IAC) дээр танилцуулсан байна. Уг хувцас нь “Prada” брэндийн бэлгэдэл болсон улаан судалтай саарал өнгийг өвдөг, тохойн хэсэгт байрлуулжээ. Түүнээс гадна тусгайлан бүтээсэн өндөр температурт тэсвэртэй, сарны тоосжилтоос хамгаалахаар бат бэх хийгдсэн гутлыг өмссөн хүн саран дээр өдөрт доод тал нь 8 цаг алхах боломжтой ажээ. “Axiom Space” компанийн сансрын хувцасны хөтөлбөрийн менежер Рассел Ралстон хэлэхдээ "Бид сансрын нисгэгчид хүлээсэн үүрэг даалгавраа аюулгүй гүйцэтгэж чадахуйц инженерчлэл, шинжлэх ухаан, урлагийг хослуулсан шилдэг скафандрыг зохион бүтээсэн” гэв. Сарны өмнөд туйлд агаарын температур эрс өөрчлөгдөж, өдөртөө 54 хэмээс дээш халж, шөнөдөө -203 хэм хүртэл хүйтэрдэг. Уг хувцас нь сарны өмнөд туйлын ийм эрс тэс температурыг тэсвэрлэх тусгай материалаар хийгджээ. Энэхүү хувцсыг 2026 онд саран дээр буух "Artemis 3" хөлгийн нисгэгчид өмсөх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.