Австрали улс бүгд найрамдах улс болох уу?
Анд нөхдийн мэдээ
2024-10-14
Английн хаан III Чарльз Австрали улсад айлчлах гэж буйтай холбогдуулан тус улсын засаглалын тогтолцоог бүгд найрамдах улсад шилжүүлэх тухай маргаан дахин дэгдээд байгаа талаар “The Guardian” сонин мэдээлэв. Хаант засаглалыг халахын төлөө тэмцэж буй Австралийн Бүгд найрамдахчуудын хөдөлгөөний (ARM) тэргүүн Натан Хансфорд "Төрийн тэргүүнээ хэрхэн сонгох нь Австралийн дотоодын асуудал. Харин хааны айлчлал бол энэ тухай сайтар эргэцүүлэн бодох тохиромжтой цаг” гэжээ. ARM-аас саяхан хийсэн судалгаагаар австраличуудын ердөө найман хувь нь хаант засаглалыг дэмждэг бол 60 орчим хувь нь австрали хүнийг төрийн тэргүүнээр сонгохыг илүүд үздэг гэсэн дүн гарчээ. III Чарльз хаан болон хатан хаан Камилла нар ирэх 18-ны өдөр Австралийн Сидней, Канберра хотуудад айлчилна. Үндсэн хуулийн дагуу Австралийн төрийн тэргүүн нь Их Британийн хаан байдаг бөгөөд парламентээс санал болгосон ерөнхий сайдыг Английн хаан томилж, ерөнхий сайд нь хааныг орлон төрийн тэргүүний үүргийг төлөөлөн гүйцэтгэдэг юм. Н.Хансфорд Австрали бол олон арван мянган жилийн уугуул соёлтой, эртний түүхтэй улс болохыг онцлоод “1999 оны бүх нийтийн санал асуулгаас хойш олон үндэстний соёлт нийгэм хурдацтай хөгжсөн” гэжээ. Өмнө нь тус улс 1999 онд бүгд найрамдах улс болох эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулахад 54.9 хувийн саналаар татгалзсан байна. Үүний зэрэгцээ Хаант засаглалын төлөөх Австралийн холбоо (AML)-ны тэргүүн Филип Бенвелл "Манай үндсэн хууль тогтвортой байдлыг хангадаг" гээд түүгээр үл барам улс төрчдийг үнэмлэхүй эрх мэдэлтэй байлгахаас сэргийлж ардчиллыг хамгийн сайн хамгаалдаг болохыг онцлон дурджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.