Америкийг нээсэн Кристофер Колумб еврей хүн байжээ
Анд нөхдийн мэдээ
2024-10-14
Италийн далайчин Кристофер Колумб Испанийн еврей хүн байсан болохыг тогтоосон судалгааны дүн гарчээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр Испанийн шүүх эмнэлгийн эрдэмтэн доктор Мигель Лорентегээр ахлуулсан судалгааны баг 22 жил судалгаа хийсний дүнд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Доктор М.Лоренте хэлэхдээ “Севилийн сүмд хадгалагдаж буй К.Колумбын шарил болон түүний хүүгийн биеийн эд эсийг шинжилсний үр дүнд Y хромосом болон митохондрийн ДНХ-ээс еврей гаралтай болохыг тогтоосон” гэжээ. 1492 оны аравдугаар сарын 12-нд Атлантын далайг гатлан Америк тивд ирсэн К.Колумб нь 1450 онд Италийн Генуя хотод төрсөн гэсэн нийтлэг итгэл үнэмшил өнөөг хүрсэн юм. Мөн итали гаралтай америкчууд К.Колумбын өдрийг тэмдэглэж, энэ өдрийг бүх нийтийн баяр болгохыг идэвхтэй дэмжиж, шаардсаар ирсэн билээ. Харин эрдэм шинжилгээний хүрээнийхэн Испанийн хааны гэр бүлийн санхүүжилтээр шинэ ертөнцийг нээхээр аялалд гарсан К.Колумб нь итали хүн биш байх магадлалтай гэж маргасаар ирсэн аж. Испанийн еврейчүүдийн түүх нэгдүгээр зууны Ромын эзэнт гүрний үеэс эхтэй. Иберийн хойгийг эзэрхэж байсан Исламын гүрний ноёрхлын үед Испанийн еврейчүүд ихээхэн цэцэглэн хөгжсөн ч 1492 онд Христийн шашинтнууд Испаниас исламчуудыг хөөн гаргаснаар түүх ихээхэн өөрчлөгджээ. Улмаар Испанийн 300 мянга гаруй еврейг католик шашинд орох, эсвэл улс орноо орхин явахыг шаардсан байна. Судалгааны багийнхан К.Колумбыг Испанийн еврей гэдгийг баталсан ч түүний төрсөн улсыг тодорхойлж чадаагүй гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.