images

Нью-Йорк: Урт настай модыг тусгай хамгаалалтад авч гэрчилгээ олгов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-14


   АНУ-ын Нью-Йорк хотын "Madison Square" цэцэрлэгт хүрээлэнд орших хамгийн урт настай аварга том модыг хотын захиргаа тусгай хамгаалалтад авч “Агуу их мод” гэсэн гэрчилгээ олгожээ. 1.47 метрийн диаметртэй энэ аварга модыг уг цэцэрлэгт хүрээлэнг байгуулах явцад буюу 1851 онд анхлан тарьсан байна. Анх арван мод байсан бол одоо ердөө хоёр нь л үлджээ. Тус хотод долоон сая орчим мод ургадаг бөгөөд тэдгээрийн дотроос түүх, соёлын ач холбогдол, ховор үүлдэр, овор хэмжээ, наслалт зэрэг шалгуураар үзэж энэхүү модыг сонгосон байна. Хотын захиргааны албаны хүн "Хот өөрчлөгдөж шинэчлэгдсэн ч он удаан жил урган цэцэглэж хотын түүх, иргэдийн ой санамж болж үлдсэн энэ модыг мөнхлөх зорилготой” хэмээн тайлбарласан юм. Мөн түүнээс гадна оршихуйн бэлгэдэл болсон мод бий. Тухайлбал, 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлага болсон Дэлхийн худалдааны төвийн цэцэрлэгт хүрээлэнд байсан лийрийн мод дэлбэрэлтээс болж хугарч гэмтсэн ч мод үржүүлгийн газарт хүргэн нөхөн сэргээж эмчлээд хуучин байранд нь буцаан суулгасан байна. Улмаар тэр модыг "Амьд мод" хэмээн нэрлэх болжээ. Хотын захиргаа уг модны талаар “Хэрэг гарах үед 2.4 метрийн өндөртэй байсан уг мод одоо есөн метр гаруй өндөр болтлоо ургасан. Энэ нь манай хотын тэсвэр хатуужлыг бэлэгддэг” гэж мэдэгдсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.