images

Пабло Пикассогийн бүтээл айлын агуулахаас гарчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-04


   Италийн Помпей хотод нэгэн айлын агуулахаас Пабло Пикассогийн бүтээл байж болзошгүй зураг олдсон тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. Энэ зургийн үнэ цэнийг анх мэдсэн хүн бол гэрийн эзэн Андреа Ло Россо юм. Түүний аав Италийн өмнөд хэсгийн Капри аралд амьдардаг байсан бөгөөд 1962 онд зургийг санамсаргүйгээр олж аваад Помпейд нүүж ирэхдээ авчирч хэдэн арван жил хадгалсан байна. Ло Россо бага залуу байхдаа дунд ангийн сурах бичгээс П.Пикассогийн зургийг харж, гэрт нь өлгөөтэй байгаа зурагтай ямар нэгэн байдлаар холбоотой байж болох талаар аав ээждээ хэлсэн ч түүнийг үгийг ойшоогоогүй аж. Түүгээр ч үл барам ээж нь энэ зургийг "Харахаар аймаар санагддаг" гээд хаяхыг завдаж байжээ. Бодсоноо эцэг эхдээ ойлгуулж чадаагүй Россо 20-иод настай байхдаа зургийн жинхэнэ эсэхийг олж мэдэхээр дүүгийн хамт Парис дахь Пикассогийн музейд зорьж очсон байна. Музейн ажилтнууд түүний авчирсан зургийг үзээд "Жинхэнэ байх боломжгүй" гэсэн ч зургийг орхиод явахыг хүссэнд Россо орхилгүй аваад явсан байна. Харин тэрбээр саяхан урлагийн бүтээлийг үнэлж, сэргээн засварлах чиглэлээр ажилладаг “Аrcadiа” санд хандаж үнэлгээ хийлгэхэд алдарт зураачийн бүтээл мөн гэсэн хариу гарчээ. Сангийн мэргэжилтэн “Зурагт ашигласан будаг нь тухайн үед Пикассогийн хэрэглэж байсан будагтай таарч байгаа бөгөөд зургийн зүүн дээд буланд байгаа гарын үсэг нь П.Пикассогийнх болох нь нотлогдсон” гэжээ. Алдарт зураач Капри арал дээр байнга очдог байсан бөгөөд энэ зургийг П.Пикассогийн амраг, гэрэл зурагчин байсан Дора Маарын хэлсэн санаагаар бүтээсэн бололтой гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Одоо зургийг Милан хотод баталгаатай газар хадгалан, Испанийн Малага дахь П.Пикассогийн сангаас жинхэнэ эсэхийг нь баталсан эцсийн шийдвэр ирэхийг хүлээж байна. Хэрэв энэ зураг П.Пикассогийн бүтээл мөн болох нь нотлогдвол 6,6 сая орчим доллароор үнэлэгдэнэ гэж “Аrcadiа” сангийн мэргэжилтэн хэлжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.