“Исламын улс” бүлэглэлд барьцаалагдсан охиныг 10 жилийн дараа аврав
Анд нөхдийн мэдээ
2024-10-04
11 настайдаа “Исламын улс” (IS) бүлэглэлд барьцаалагдсан Иракийн үндэсний цөөнх язиди үндэстэн охиныг 10 жилийн дараа Палестины Газын зурвасаас олж аварсан тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Иракийн Гадаад хэргийн сайдын төлөөлөгч Силван Синжарийн хэлснээр Ирак, АНУ, Израиль улсын тусгай байгууллага хамтран явуулсан нууц ажиллагааны дүнд эдүгээ 21 нас хүрсэн Фазиа Сидо бүсгүйг аварсан бөгөөд одоо тэрбээр төрсөн гэрийнхэнтэйгээ хамт байгаа ажээ. Түүний биеийн байдал харьцангуй хэвийн байгаа ч Газын зурваст удаан хугацаагаар олзлогдон, хүнд нөхцөлд ажиллаж байсны улмаас сэтгэцийн хүнд байдлаас гараагүй байгаа гэж албаны хүн хэлсэн байна. Иракийн ерөнхий сайд Мухаммед Шиа аль-Судани Нью-Йорк дахь Америкийн албаны хүмүүсийн хамт аврах ажиллагааг биечлэн удирдаж чиглүүлсэн байна. Израилийн арми мөн өдөр мэдэгдэл хийж, Иерусалим дахь АНУ-ын Элчин сайдын яам болон гадаадын бусад хүчинтэй хамтран нарийн төвөгтэй аврах ажиллагаа явуулснаа мэдэгджээ. Охиныг хулгайлж авсан эр Газын зурвасын дайны үеэр амиа алдаж, энэ үеийг далимдуулан Сидо бүсгүй зугтаж өөр газар нуугдсан байна. АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мөн ийм ажиллагаа явагдсаныг баталж, олон жил барьцаанд байсан эмэгтэйг сулласан болохыг дурджээ. 2014 онд “Исламын улс” бүлэглэл Иракийн хойд хэсэгт орших язиди үндэстэн амьдардаг Санжар хотод халдан харгислал үйлдэж, 5000 гаруй хүний аминд хүрч, 6000 гаруй хүнийг барьцаалан авч одсон ажээ. Үүний мөрөөр олон жил хүчин чармайлт гаргасны дүнд 3500 орчим хүнийг аварсан ч 2600 орчим хүн сураггүй хэвээр байгаа юм.
Нүүр зураг дээр: 10 жилийн дараа барьцаанаас суллагдсан Сидо бүсгүй (баруун гар талд)
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.