images

Их Британийн ерөнхий сайд бэлгэнд авсан эд зүйлийнхээ үнийг төлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-04


   Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер бусдаас үнэтэй бэлэг авсан гэх шүүмжлэлд өртөөд байгаа тул улсын санд 6000 гаруй паунд төлсөн тухай ВВС агентлаг мэдээлэв. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, К.Стармер бэлэг сэлт авах, түүнийг захиран зарцуулах тухай журмын дагуу, авсан бэлгийнхээ үнийг холбогдох байгууллагуудад буцаан өгсөн болохыг дурджээ. Тухайлбал “Universal Music”-ээс олгосон 2800 паундын үнэ бүхий Тэйлор Свифтийн тоглолтын дөрвөн ширхэг тасалбар, Английн хөлбөмбөгийн холбооноос авсан 598 паундын үнэ бүхий Т.Свифтийн тоглолтын хоёр тасалбар багтсан байна. Мөн загвар зохион бүтээгч Аделин Лигийн 839 паундын үнэ бүхий хувцасны үнийг буцаан төлсөн гэх бөгөөд ерөнхий сайдын эхнэр Викториа саяхан Лондонгийн загварын долоо хоногийн арга хэмжээнд дээрх хувцсыг өмсөж оролцсон гэх шүүмжлэлд өртөөд байсан юм. Их Британийн хуульд зааснаар парламентын гишүүн зэрэг өндөр албан тушаалтнууд бусдаас бэлэг авч болох ч үүнийгээ тодорхой хугацаанд Засгийн газрын холбогдох байгууллагад мэдээлэх журамтай бөгөөд мэдээлсэн тохиолдолд хуульд харшилдаггүй ажээ. Харин ерөнхий сайд К.Стармер болон түүний танхимын зарим гишүүн үнэтэй хувцас, тоглолтын тасалбар зэргийг бэлгэнд авсан ч хуулийн дагуу тийн мэдээлээгүй нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.