Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгч тангараг өргөв
Анд нөхдийн мэдээ
2024-10-03
Өнгөрөгч зургаадугаар сард Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсон Клаудиа Шейнбаум энэ сарын 1-ний өдөр тангараг өргөж бүрэн эрхээ эхлүүлэв. Тус улс 200 жилийн түүхэндээ ийнхүү анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болж байгаа бөгөөд тэрбээр Үндсэн хуулийн дагуу 2030 он хүртэл зургаан жил төр барина. Тангараг өргөх ёслол дээрээ “Ард түмнийхээ язгуур эрх ашгийг тэргүүнд тавьж, нийгмийн эмзэг бүлгийнхэнд санаа тавьж халамжилдаг хүмүүнлэг тогтолцоог бий болгоно” гэжээ. Ёслолд Бразилын ерөнхийлөгч Луис Инасио Лула Да Сильва, Колумбын ерөнхийлөгч Густаво Петро болон Өмнөд Америкийн хөрш орнуудын удирдагчид, АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден зэрэг дэлхийн 105 орны төлөөлөгч оролцов. Тэрбээр Засгийн газраа бүрдүүлэхдээ эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, сайд нараа эрэгтэй, эмэгтэй тэнцүү тоогоор томилжээ. К.Шейнбаум ерөнхийлөгчөөр сонгогдохдоо Мексикийн эмэгтэйчүүдийн үндэсний судалгааны хүрээлэн, шинжлэх ухааны хүрээлэн зэрэг байгууллагыг Засгийн газарт харьяалуулахаа амласан юм. Ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дэд ерөнхийлөгч Камала Харрис сонгогдвол хоёр орны эмэгтэй удирдагчид ойр дотно хамтран ажиллах бүрэн боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.