images

Их Британи улс нүүрсээр ажилладаг сүүлчийн цахилгаан станцаа хаав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-01


   Дэлхийн аж үйлдвэрийн хувьсгалын төв гэгддэг Их Британи улс 142 жил нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэж ирсэн байдлаа халж, сүүлчийн ийм цахилгаан станцаа хаасан байна. Тус улс нүүрсийг эрчим хүчний эх үүсвэр болгон ашигласан аж үйлдвэрийн анхны хувьсгалын төв байсан бөгөөд Америкийн зохион бүтээгч Томас Эдисоны “Edison Electric Light” компани нүүрсээр ажилладаг дэлхийн анхны цахилгаан станц болох “Holborn Viaduct”-ыг 1882 онд Лондон хотод ажиллуулж эхэлсэн түүхтэй. 1920-иод онд тус улсын нүүрсний салбар эрчимтэй хөгжиж, ажилчдын тоо 1.2 саяд хүрч байв. Их Британийн Эрчим хүч, аюулгүй байдлын дэд сайд Майкл Шанкс хэлэхдээ "Өнөөдрийг хүртэл 140 гаруй жилийн турш улс орноо цахилгаан эрчим хүчээр хангахад үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн нүүрсний салбарын ажилчдад талархаж байна" гэв. Улмаар цахилгаан станцын сүүлчийн генератор унтарсныг дүрс бичлэг хийн дурсгал болгож хадгалсан байна. Энэ арга хэмжээ нь 2030 он гэхэд эрчим хүчний салбарыг нүүрстөрөгчөөс ангижруулж, 2050 он гэхэд үндэсний эдийн засагт нүүрстөрөгчийн эзлэх хувийг дуусгавар болгоно гэсэн тус улсын Засгийн газрын зорилтын хүрээнд хийгдэж буй юм. Ингэснээр Их Британи улс Их 7 орны дотроос нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхээ зогсоосон анхны орон боллоо. Европт Швед, Бельги зэрэг орнууд өмнө нь нүүрсний эрчим хүч үйлдвэрлэхээ зогсоосон юм. AFP агентлагийн мэдээлснээр, ирэх жил гэхэд Итали улс, 2027 онд Франц улс, 2030 он гэхэд Канад улс нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхээ зогсоохоор төлөвлөж байгаа ажээ. 1990 онд Их Британийн цахилгаан эрчим хүчний 80 хувийг нүүрсээр үйлдвэрлэдэг байсан бол 2012 онд 39 хувь, өнгөрсөн онд 1 хувь болж буурчээ. Тус улс өнгөрсөн онд нийт эрчим хүчнийхээ 34.7 хувийг хийн эрчим хүчээр, 32.8 хувийг салхи, нарны эрчим хүчээр, 13.8 хувийг цөмийн эрчим хүчээр, 11.6 хувийг био эрчим хүчээр хангах болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.