Япон: 88 настай өндөр настан хувьцаанд хөрөнгө оруулаад хоёр тэрбум иен олжээ
Анд нөхдийн мэдээ
2024-10-01
Япон улсын иргэн, 88 настай Шигэрү Фүжимото өнгөрсөн 69 жилийн хугацаанд хувьцааны хөрөнгө оруулалтаар 2 тэрбум иен олсон тухай “Bloomberg News” мэдээлэв. Тэрбээр 19 настайдаа өөрийн ажиллаж байсан амьтны дэлгүүрт байнга ирдэг үнэт цаасны компанийн захиралтай дотно танилцаж, түүнээс зөвлөгөө аван хувьцаанд хөрөнгө оруулж эхэлсэн байна. Түүний худалдаж авсан анхны хувьцаа нь электрон барааны “Sharp”, газрын тосны “Eneos Holdings” компанийн хувьцаа байсан ажээ. Улмаар 1986 оноос энэ чиглэлээр дагнан ажиллаж, гэрийн тэжээмэл амьтдын дэлгүүр нээн ажиллуулж байгаад дэлгүүрээ зарж, хувьцаанд хөрөнгө оруулж олсон мөнгөөрөө өөр төрлийн бизнес эрхлэх болсон байна. Ингэхдээ хувьцааны бизнесээ үргэлжлүүлсээр байв. 2015 оноос Фүжимото гуай өдрийн арилжаа хийж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл шөнийн 2 цагт босон АНУ-ын тухайн өдрийн хувьцааны зах зээлийг судалж, Америкийн эдийн засгийн нэвтрүүлгүүдийг байнга үзэж, нэг ёсондоо энэ талаар нэлээд сайн мэргэшсэн байна. Мөн энэ чиглэлээрр хүмүүст зөвлөгөө өгч, хувьцааны хөрөнгө оруулалт хийх аргын талаар ном хүртэл хэвлүүлжээ. Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар тэрбээр Японы хөрөнгийн удирдлагын “Storage-OH” компанийн хувьцааны таван хувийг худалдаж авчээ. Хамгийн сонирхолтой нь Фүжимото гуай ухаалаг утас, автомашин, зээлийн карт хэрэглэдэггүй гэнэ. Тэрбээр залууст хандан “Хувьцаанд хөрөнгө оруулалт хийж, тогтмол сайн орлоготой амьдрах нь амьдралын баяр баясгалан болдог” хэмээн зөвлөсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.