images

Ван И Орос, Украины Гадаад хэргийн сайд нартай уулзав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-26


   НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож буй Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Украин болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд нартай уулзан санал бодлоо солилцлоо. Хятадын төв телевизийн мэдээлснээр, Ван И Украины ГХЯ-ны сайд Андрей Сыбихатай уулзахдаа "Украины хямралыг шийдвэрлэх хамгийн зохистой арга бол Ши Жиньпин даргын хэлсэн дөрвөн зарчим юм” гээд "Хятад улс аливаа сөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх, яриа хэлэлцээрээр улс төрийн шийдэл эрэлхийлэхийг дэмжиж ирсэн" хэмээн онцлов. 2022 оны гуравдугаар сард буюу Украины дайн эхлээд удаагүй байхад Ши Жиньпин ХБНГУ, Францын удирдагчидтай уулзахдаа энэхүү дөрвөн зарчмын тухай дурдаж, энэ нь аливаа улсын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг дагаж мөрдөх, улс орон бүрийн аюулгүй байдлын үндэслэлийг хүндэтгэх, хямралыг энхийн замаар шийдвэрлэхэд туслах хүчин чармайлтыг дэмжих явдал хэмээн өгүүлж байсан юм. Ван И улмаар “Хятад улс Украинд дөрвөн удаа хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн бөгөөд Украины хэрэгцээ шаардлагаас хамааран шинээр тусламж үзүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахдаа "Хятад, Орос хоёр улс байнгын сайн хөршийн найрамдалт, иж бүрэн стратегийн хамтын ажиллагаагаа тууштай хадгалж чадвал бидний харилцааны ирээдүй гэрэлтэй” гэжээ. Улмаар удахгүй болох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баярын арга хэмжээнд сайтар бэлтгэх хэрэгтэйг онцолсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.