images

Дуучин Ц.Одбаяр: “The Lemons” хамтлаг дундаа гар утастай байсан үе бий

Б.Бадамзул

Утас бид хоёр

2022-11-28


“Утас бид хоёр” булангийн энэ удаагийн зочноор “The Lemons” хамтлагийн гоцлол дуучин Ц.Одбаяр оролцож утастай нөхөрлөсөн түүхээ хуваалцлаа.

     Анх хэзээнээс эхэлж гар утас барьснаа сайн санадаггүй юм. Мессеж бичиж, дуудлага хийхээс өөрөөр ашиглаж мэддэггүй байсан үе. Дэлгэгддэг жижигхэн цагаан утас, “Skytel”-ын дугаартай байлаа. Ээжээс мөнгө аваад гар утас авсан юм. Тэр үед надад орлого байгаагүй л дээ. Харин анх барьсан ухаалаг утас минь “Iphone” байсан. Гарсан цагаас нь одоог хүртэл зөвхөн “Iphone” л барьж байна.

 

Дугараагийнхаа утсыг ломбардад олон тавьсан

     Манай хамтлагийн гитарчин Тулгаа, техникч Дугараа хоёр л гар утастай. Тэрийг нь бид хэд дундаа ашиглачихна. Тийм болохоор уулзахаараа утастай, салахаараа утасгүй болчихдог. Манай Дугараагийн утас болохоор дээшээ “пүк” гээд гараад ирдэг төмөр “Nokia”. Тэр нь тавихад унадаггүй, дуудлага ирэхээр босоогоороо эргэлдээд л байдаг. 2003, 2004 оны л үе байх. Бидэнд мөнгө байхгүй, осолдохгүй л нэг бэлтгэлийн байртай. Хүмүүст огт танигдаагүй. Цомог ч гаргаагүй, тоглолтод оролцдоггүй байсан үе л дээ. Тэгээд энд тэнд очоод ганц нэг пиво хааяахан уух болно доо. Тэгэхээрээ хэдүүлээ “Өнөөдөр яах вэ, уух уу?” гэж яриад бүгд Дугараа руу харна. Тэгээд л утсыг нь 20, 40 мянгаар ломбардад тавьдаг. Ломбардад тавьсан утсаа тийм хурдан авч чадахгүй ээ. Долоо хонуулна. Дугараа “Би утсаа авья л даа” гэнэ. Бид нар “Мөнгөгүй л байгаа биз дээ” гээд л. Заримдаа мөнгөтэй болбол гялс авчихна. Зөндөө тавьсан. Эсвэл өлсөөд хоол идмээр санагдвал дахиад л Дугараагийн утсыг ломбардад тавина. Манайх Соёлын төв өргөөнд байнга байрлаж, “Харанга” хамтлагийн өрөөнд бэлтгэлээ хийдэг байсан юм. “Харанга”-ынхан өрөөндөө нэг их ирэхгүй. Тоглолт болохоор л бэлтгэлээ хийнэ. Бид нар л заримдаа зөвшөөрөлтэй, заримдаа нууцаар бэлтгэлээ их хийдэг байсан. Тэгээд нэг өдөр өлсөөд болдоггүй. Одоо энэ Соёлын төв өргөөний энд байгаа “Хас банк”-ны ард цайны газар орохоор боллоо. Бид чинь олуулаа байгаа шүү дээ. Гэхдээ мөнгөгүй. Дугараа тэнд өөр юм хийж байгаа юм. Бид болохоор өөр газар цуглачихсан “Дугараатай ярих уу, чи хэлэх үү, би хэлэх үү?” гээд тохиролцоно. Нөгөөх маань аль хэдийнэ анзаараад мэдчихсэн, ёозгүй царайлаад л “За за, тавь тавь” гээд л хоол идэж байлаа. Иймэрхүү тохиолдол их олон байсан. Тэгээд Дугараагийн утсыг тавьчихангуут манай гитарчин Тулгаагийн “Nokia 3210” үлддэг. Тулгаа могойтой тоглоомоо хачин  сайн тоглоно. Би утсыг нь гуйж мессеж их бичдэг байсан. “Ганцхан мессеж бичээд өгье” гэж аваад нэгжийг нь дуусгачихна.

     Дээр үед “Утсаа цэнэглэнгээ оролдож байтал шатаад дэлбэрчихжээ” гэсэн мэдээ их явдаг байсан даа. Би одоо ч утсаа цэнэглэнгээ оролддоггүй. Зуун хувь болтол нь цэнэглээд дараа нь барьдаг. Дэлбэрчихнэ гэж боддоггүй л дээ. Гэхдээ зай нь муудна байх.

 

“Iphone” утаснаас салдаггүй

     Би “Iphone” бариад удаж байна. “Iphone 4” гарснаас хойш барьсан. Хамгийн их дурлаж авсан хоёр утас бий. Нэг нь нимгэн, тас хар “Iphone 7”, нөгөө нь өнгөрсөн жил авч байсан “Iphone 13”. Би тоглолтын мөнгөө цуглуулж байгаад хүсэж хүсэж Америкаас “Iphone13” захиалж авсан юм. Тэр их сайн ажиллана. Тоглоом тоглоход гацдаггүй, их чанартай утас. Гэтэл тэрийгээ таксинд явж байгаад алдаад, маргааш нь компьютер дээрээсээ “Find my phone” гээд ID-гээр нь хайсан чинь “TEDY” дээр оччихсон явж байна. Одоо тэгээд задлаад зарчихдаг байлгүй гэж бодоод орхисон доо. Ашиглаж болохгүй юмыг задлаад сэлбэгт өгчихдөг байх. Ер нь утсаа хаях харамсалтай. Зураг, утасны дугаарууд бүх юм тэнд бий. Гэхдээ “Iphone” утасны гоё юм нь өмнөх утсан дээрх бүх юмаа татаад авчихдаг нь. Тийм ч болохоор би “Iphone” барих дуртай.

Инстаграмыг мэдрэмжээ хуваалцахаар ашиглах дуртай

      Одоо хүмүүстэй харилцах, өөрийгөө илэрхийлэх, хообийгоо хөгжүүлэхэд хамгийн чухал хэрэглүүр нь гар утас болжээ. Би Инстаграмыг анхнаас нь ашиглаж эхэлсэн. Фэйсбүүкээс илүү таалагддаг. Одоо их арилжааны болчхож. Өөрийгөө гоё харагдуулах, хоолны зураг хийх гээд л. Гэхдээ хүн бүр янз бүрээр л ашигладаг. Миний хувьд Инстаграмыг өөрийн мэдрэмжээ хуваалцах талбар гэж ойлгодог. Өөрийнхөө зургийг хийхээс илүү өөрт гоё сонин санагдсан зургаа хийх дуртай. Сүүлийн үед стори дээрээ сонсож байгаа дуунуудаа хуваалцдаг болсон. Хүмүүст таалагдвал гоё хөгжим сонсвол сайхан шүү дээ. Иймэрхүү маягаар Инстаграм ашиглах дуртай. Бас гэртээ байхдаа санаанд орж ирсэн аяа мартахгүйн тулд гитараа тоглож дуулаад Voice recorder дээр хадгалдаг. Мөн хөгжмийн аппликэйшн их ашиглана. Радио сонсоно.

    “Castbox” аппликэйшнийг “Playtime”-ийг зохион байгуулдаг Тамираагийн миксийг сонсох гэж ашигладаг. “Tune.in” аппликейшныг америкийн “NN радиог сонсох гэж ашиглана. Сүүлийн үед “Spotify” их сонсож байгаа. Би нэг дууг дагнаж байнга сонсдоггүй. Өглөө бүр шинэ эсвэл хуучин хамтлагийн өөр өөр дуу сонсдог. Тухайн өдрийнхөө байдлаас болно. Болж өгвөл шинэ хөгжим сонсохыг хүсдэг. Миний хувьд өглөө ямар хөгжим сонссоноос тэр өдөр шалтгаалдаг. Ихэвчлэн гоё хөгжим сонсож өдрийг сайхнаар эхлүүлдэг. Сүүлийн үед эргээд хуучны дуу их сонсох болсон. “Ankle” хамтлагийн цомог, Оросын “Дельфин”, “Crystal Castles” хамтлагийн дуунуудыг их сонсож байна.

      Нэг хэсэг гар утсаараа зураг их авдаг, бичлэг их хийдэг байсан. Сүүлийн үед арай багасчээ. Сонин содон юм байвал Инстаграмдаа нийтэлдэг. Жишээлбэл, би энэ зургийг 2012 оны намар “Тэрэлж” зочид буудал дөнгөж нээгдэхэд хамтлагаараа тоглолтоор очихдоо дарсан юм. Ширээн дээр нь баахан стакан байсан. Тэрийг нь зориуд ингэж байрлуулаад зургийг нь дармаар санагдсан. Энэ үеэ бодоход зураг дарах нь багассан ч сонирхолтой юмсын зургийг дарж хуваалцах дуртай.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.