Л.Энх-Амгалан: “The Lemons” хамтлагийн зохиосон аяыг утаснаасаа сонсоод “Өөр ертөнц” дууны үгийг бичиж мессежээр явуулж байлаа”
Утас бид хоёр
2024-03-07
“Утас бид хоёр” булангийн эхний дугаарт “Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан оролцлоо.
Хамгийн анх яг ямар гар утас барьж байснаа санахгүй юм. Одоо тодхон санаж байгаа нь, 1998 билүү 1999 онд “Салхи” хамтлагт “Нандин хайр” дууг өгч байхад тухайд үед хамтлагийн менежер байсан “Никел” Ганбаа надад утас бэлэглэж байсан юм. Тэр нь дороо суурьтай, 96-тай дугаартай “Скайтел”-ын утас байлаа. Амьдралдаа тоолж томшгүй олон утас барьсан байна. Байсхийгээд л хаясан, гээсэн, эвдсэн гээд бусдын л адил түүхтэй. Утсан дээр чухал чухал утасны дугааруудаас гадна хүүхдүүдийн маань зураг, бичлэг байдаг учраас алдах үед их харамсалтай байдаг. Бусдад ч бас тэгж санагддаг байх. Харин утастай холбоотой хөгжилтэй дурсамж олон бий шүү. Хамгийн анх гар утас ч гэх мэдэхгүй байхдаа мөрөөдөж байснаасаа эхлээд ярья. Манай аав кино механикч мөртлөө улсын тэргүүний анчин хүн байлаа. Аавтайгаа хамт ан гөрөөнд их явна. Тухайн үеийн улсын тэргүүний анчин гэдэг бол одооных шиг машин техникээр хөөж алахгүй. Яг л ном журмаар нь өвөг дээдсийн уламжлалын дагуу хамгийн ядруу, мууг нь агнадаг байсан. Аав минь тийм л жинхэнэ анчин хүн байсан даа. Тэгэхдээ намайг үргээлгэнд явуулна. Үргээлгэнд ойд ч, тал хээрт ч явдаг. Тэр үед би “Ямар нэг холбоо барих юм байсан бол зөв явж байна уу, буруу явж байна уу асуух юм сан” гэж бодож, мөрөөддөг байлаа. Тухайн үед би гар утас гарна гэж бодож байгаагүй л дээ. Харин одоо ингээд гар утасны талаар ярихад “Тэр үед аавтайгаа утсаар холбогддог байсан бол амар байж дээ” гэж хамгийн түрүүнд бодогдож, тэр мөрөөдөл минь санаанд ордог юм.
Тэгээд наашилбал, утастай холбоотой олон хөгжилтэй дурсамж бий. Түүний дотроос одоо санаж байгаагаа хэлье. Манай хамтлагт 1999 онд соль гитарчин Шинэ-Од гэж залуу орж ирсэн юм. Одоо “Чингис хаан” хамтлагт тоглодог. Тэр үед бид нар Шинээд “За чи нэг утастай болох хэрэгтэй юм байна. Гэнэт тоглолт болоход чи гэртээ байхгүй бол холбогдох арга алга” гэлээ. Тэгсэн чинь “Гар утас биед муу” гэчхээд яваад өгөв. Тэр үед чинь бид нар гар утсаа бүсэндээ зүүдэг байсан ш дээ. Тэгээд би бодохгүй юү. Энэ гар утсыг бүсэндээ зүүчхээр долгион ялгаруулаад элгэнд нөлөөлдөг юм болов уу гээд нэлээн хэд хоног бодож явсан юм. Уулзахаараа зөвхөн бэлтгэлээ хийгээд асууж ч амжихгүй, манай Шинээ ч шинэ гишүүн болохоор нэг их юм ч ярихгүй явсаар байгаад нэлээн хойно учрыг нь асуув аа. “Хөгшөөн, чи дээр нэг гар утас биед муу гэсэн. Яг юунд муу юм бэ” гээд л сүрхий асуулаа. Тэгсэн “Биед муу ш дээ” л гэж байна. Тэгэхээр нь “Харин тэгээд юунд муу юм бэ” гэтэл “Яах вэ дээ, утсаа ломбардад тавиад архи уучихна. Архи тэгээд элгэнд муу” гэдэг юм. Хамгийн гол нь би тэр тухай олон хоног бодсон байхгүй юу.
Нэг удаа орон нутагт шүүгч хийдэг нагац эгч маань надад гар утастай холбоотой хөгжилтэй явдлаа ярьсан юм. Тухайн үед, Монголд гар утас орж ирээд удаагүй. Орон нутгийн шүүхэд малын хулгай хийсэн хүний хэргийг гурван шүүгч шүүж байж. Тэгсэн хоёр шүүгчийнх нь утас дуугарч гэнэ. Тэгтэл хажууд нь сууж байсан нөгөө шүүгч нь “Хүүе, миний утас яагаад дуугарахгүй байна” гэсэн гэдэг. Шүүгч нь зөвхөн утсаа бодож байсан байгаа байхгүй юу.
Надад найзууддаа ярьдаг нэг хөгжилтэй түүх бий. Би 2000 оны эхээр гар утсаа хаячхаад 5000 төгрөгөөр нэг жижигхэн “Panasonic” гэдэг утас авсан юм. Тухайн үед гар утас 30 мянган төгрөгийн үнэтэй байсан гэхээр тэр утсыг маш хямд үнээр авч байсан байхгүй юу. Нөгөө утас маань хэсэг байж байснаа дуугарахаа болиод, гацаад эхэллээ. Тэр үед бид “Саарал үе” нэртэй хоёр дахь CD-гээ студид бичиж байсан юм. Манай студид бидний “Эрдэмтэн туулай” гэж хочилдог радиогийн найруулагч Батсайхан байсан. Батсайханд ерөөсөө мэдэхгүй, чадахгүй юм байхгүй. Төгөлдөр хуур хөглөж, классик гитар тоглоно, “Титэм” хамтлагийн “Үзэсгэлэнт хайр” гэх мэт дууны үгийг бичсэн, компьютер технологи бүгдийг нь мэддэг юм юмтай залуу болохоор нь бид “Эрдэмтэн туулай” гээд хочилчихсон. Би ч өнөөх гар утсаа засуулах санаатай өрөөнд нь ороод “Хөгшөөн, миний энэ утас болдоггүй. Чи нэг янзлаад өгөөч” гэлээ. Тэгсэн чинь “Аваад ир” гэж байна. Тэгээд л задлаад, нэлээн л юм боллоо. Тэгж байснаа намайг “Алх аваад ир” гэсэн. Би ч гайхаад алх руу нь харсан гурав дөрөвхөн хуруу хэрийн хэмжээтэй жижигхэн утсанд минь нэлээн томдохоор юм аа. Босоод алхыг нь авч өглөө. Тэгсэн платтыг нь гаргаж ирээд цохиж байна. Би ч дотроо энэ чинь “эрдэмтэн туулай” гээд итгэчихсэн ингэдэг юм байх даа гэсэн шүү юм бодоод хараад суугаад байлаа. Тэгсэн чинь хоёр хуваагаад, бүр хагалчихлаа шүү. Би “Яаж байна аа?” гэсэн чинь бүгдийг нь хамаад “Май” гээд өгч байна. Тэгэхээр нь алгаа тосоод автал “Хогийн сав руу хий” гэдэг юм. Угаасаа ямар ч хэрэггүй болчихсон утас болохоор нь надаар тоглож байсан юм билээ. Гэтэл би эцсийн мөч хүртэл нь утсаа ажиллачихна гэж бодоод, харж суугаад, алхыг нь авч өгөөд...\инээв\.
Одоо “Iphone7” барьж байна. Би чинь анх утсаа яаж ашиглахыг хамтлагийнхнаасаа асуудаг байлаа. Харин одоо миний хамаг техник хэрэгслийг эхнэр зохицуулна. Би ч өөрөө нэг их оролдоод байдаггүй, эхнэртээ л даатгадаг. Хөгжим хадгалах, хааяа нэг хүүхдийнхээ бичлэгийг хийхэд л ойр зуур ашиглана. Амьдралдаа барьж байсан гар утаснуудаас “Nokia”-г хамгийн удаан барьсан болов уу гэж бодож байна. Би 2008 оны Бээжингийн Олимпын үеэр ээжтэйгээ, гэрийнхэнтэйгээ баруун аймгуудаар зугаалсан юм. Аялалд гарахаас өмнө “The Lemons” хамтлагийнхан “Дууны үг бичээд өгөөч” гэхэд нь аялалд явах гэж буйгаа хэллээ. Тэгсэн шинэ аяаа тоглоод миний “Nokia” дээр дууг нь хураагаад хадгалсан. Тэрийг нь би Завханы Тосонцэнгэл өнгөрөөд дүүгийнхээ найзынд байхдаа сонсож, нэгдүгээр бадгийг нь бичсэн. Төөрч будилж явсаар маргааш нь Ховдод очоод дууны үгээ гүйцээгээд мессежээр явуулж байлаа. Тэр дуу бол “Өөр ертөнц” байсан.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.