images

Жүжигчин Х.Баярмаа: Дэлхийн миссийн тэмцээнээс ухаалаг утас бэлгэнд авч байлаа

Н.Ариунсайхан

Утас бид хоёр

2023-01-10


"Утас бид хоёр" булангийн энэ удаагийн дугаарын зочноор жүжигчин Хүсэлбаатарын Баярмаа оролцож, гар утастай нөхөрлөсөн түүхээ хуваалцлаа.

     “Эрэл” сургуульд бага ангийн сурагч байхад, аав надад “Скайтел”-ийн дэлгэгддэг утас авч өгч байлаа. Анх удаагаа утастай болсон хүн чинь ажиллуулж мэдэхгүй. Буруу юмаар нь оролдчихоор заримдаа гацчихна, хичээл дээр ээжээс дуудлага ирэхээр л чанга ая дуугарч, цочоогоод л. Цүнхэн дотроо далд хийчихээд байхад хүртэл чичрээд байна.

     Утастайгаа танилцаад овоо найзууд болоод ирэв. Шоо хаях, могой тоглоом руу орж тоглосоор байгаад гар зүгширч эхэлсэн. Гэтэл удалгүй утсаа алга болгочихлоо. Уйлаад л бөөн сүр болно. Олдоогүй л дээ. Тэр үед утасны хулгай ч их байсан байх. Дараа нь ээж Францаас тольтой гар утас авчирч өгч байлаа. Ангидаа авч ирэхээр л хүүхдүүд шохоорхоод тойроод зогсчихно. Эргүүлж тойруулаад л "Ямар гоё юм бэ, нүүрээ тольдож болох юм байна" гэж сонирхохоор нь улам хөөрөөд ил гаргаад яваад байна. Бас л удалгүй алга болгочихсон. Мөн ч их утас хаясан даа. Би СУИС-д жүжигчний ангид элсэж ороход ангийнхнаасаа хамгийн бага нь байлаа. Биеэр том ч, насаар дөрөв дүү. Дөнгөж оюутан болоод л ажил хийж, биеэ дааж эхэлсэн. Өөрийнхөө хэрэглээний хөөрхөн хэдэн төгрөг олчихно. Бага багаар цуглуулсаар байгаад анхны ухаалаг утсаа ч авлаа.

    Арван жилийн өмнө Дэлхийн миссийн тэмцээнээс ухаалаг утас бэлгэнд авч байсан маань санаанаас гардаггүй. “Samsung”-ийн хамгийн анхны ухаалаг утас гарч байсан үе. Оролцсон бүх миссэд ухаалаг утас бэлэглэхэд хөл газар хүрэхгүй баярласан. Хятад хэлтэй, тухайн үедээ л дэлгэц, камер, функциуд нь хамгийн сүүлийн үеийн утас байж билээ. Тэгж байтал удалгүй манайд гар утас энгийн хэрэглээ болж, ухаалаг утасгүй хүн гэж байхаа болив.

    Утсаа харахаар уур хүрдэг явдал надад нэг тохиолдсон юм. Жил хагасын өмнө АНУ-д Миссуригийн их сургуулийг дүүргэж ирээд удалгүй “Instagram” хаягаа хакердуулчихав. Нэг л өдөр нэвтрэх нууц үг нь болдоггүй. Компани руу нь мэйл бичээд, хариуг нь хүлээж цөхөөд. Хамгийн дурсамжтай зураг, хэрэгтэй чатууд байхгүй, зарим чухал хүмүүстэйгээ холбоо барьж чадахгүй. Утсаа алдсанаас долоон дор юм болов. Ерөөсөө утсаа харахаар л уур хүрээд байлаа. Энэнээс л боллоо гээд, бараг өөрөө утсаа тоохгүй нэг хэсэг мартах шахсан.

     Америкт байхад “Snapchat” их түгээмэл ашиглана. Монголд ирээд гаднын найзуудтайгаа “WhatsApp”-аар холбоо тогтооно. “Kindle”-ээр номоо уншчихдаг. “Amazon”, Netflix гээд хэрэглээний энгийн цахим үйлчилгээ орчин үеийн амьдралыг илүү зугаатай болгож байна. “Google drive, Gmail” ажлын чухал бичиг баримт, файлуудыг найдвартай сайн хадгалчихна. Ашиглахгүй юм гэж алга. Утасны багтаамжийн хамгийн дээд хэмжээг нь харж авдаг болсон доо.

     Одоо бол хаана ч байсан “Instagram” амьдралын хэв маяг болсон байна. Нэг дор хэрэгцээт бүх үйлдлийг багтаасан, харилцааны хамгийн амархан хэрэглэгдэхүүн. Явсан суусан, үзсэн харсан, уулзсан учирсан гээд амьдралынхаа аль гэгээлэг гэсэн бүхнээ оруулдаг нь маш сайхан. “Facebook”-ийг бол орчин үеийн залуучууд, хар бараан юм түгээдэг хамгийн хэрэггүй зүйл гэдэг. Яг үнэндээ энийг ашигладаггүй монгол хүн гэж байхгүй. Хар бараан юмыг нь олж үзмэгцээ өөртөө наагаад стресс үүсгэж явах хэрэггүй юм. Харин ч гэр бүл, найз нөхөдтэйгээ халуун дулаан яриа өрнүүлдэг, удаан уулзаагүй хүнийхээ сайн явааг нь харчихдаг, дажгүй хэрэгсэл. Би сошиалд сөрөг байхыг хүсдэггүй. Эерэг дулаан мэдрэмжийг өөрөө өөртөө үйлдвэрлэн бусдад түгээж, үүгээрээ үлгэрлэхийг хичээдэг.

     Ажил амжуулахад, ялангуяа эмэгтэй хүнд гар утас туйлын чухал. Миний хувьд одоо бол “IPhone-оос өөр утас барьж чадахгүй болсон байна. Өөр утас барихаар функцийг нь сайн ойлгодоггүй. “Spotify”, Soundcloud гээд хөгжим сонсох гоё гоё аппликэйшнүүдийг өөр утсан дээр татах боломжгүй. Учир нь надад хөгжим сонсохгүй нэг ч өдөр байдаггүй.   

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.