Тоймч Г.Ганбаяр: “Samsung galaxy S2”-оо хуучин утаснуудтайгаа зэрэгцүүлж тавиад дуугаргаж үздэг байлаа
Утас бид хоёр
2022-10-27
Гар утастай нөхөрлөсөн түүх орчин үед хүн бүрд бий. “Eagle” телевизийн гадаад мэдээний тоймч Г.Ганбаяр манай “Утас бид хоёр” буланд оролцож энэ түүхээ хуваалцлаа.
Намайг 1998 онд аравдугаар ангиа төгсөж байхад гар утас гэдэг зүйл байсангүй. Харин 2000-аад оны эхээр оюутны ангийнхан, зарим найзууд “Nokia 5110” гэдэг утас барьж эхэлсэн. Одоогийнхоор бол цагдаа нарын станц шиг том хэмжээтэй утас байв. Миний хувьд Унгарт амьдардаг хоёр эгчийнхээ явуулсан Германы “Siemens M35” гэдэг “Nokia 5110”-аас жижиг, ардаа резинэн зөөлөвчтэй гар утас барьдаг байлаа. Тэгэхэд гэрийнхнээсээ хамгийн түрүүнд би гар утастай болсон учраас анхны дуудлагаа найзтайгаа хийж байсан санагдана. Бас мессеж их бичдэг байж. Эхнэрээ мессежээр найрч байгаагүй ч Фэйсбүүкээр танилцаж байлаа. “NTV” телевизэд ажилладаг байхад захирлыг нь Уламбадрах гэдэг байсан юм. Тэгсэн чинь Фэйсбүүкт эмэгтэй Уламбадрах гэж бас байна. Тэгэхээр нь найзаараа нэмээд танилцлаа. Ийм нэртэй хүн ховор байх. Бид хоёр 2011 онд ингэж танилцаад 2013 онд гэрлэж, гурван хүүхэдтэй өнөр өтгөн сайхан гэр бүл болжээ.
Дараа нь арай том хэмжээтэй, цэнхэр өнгөтэй, өргөн дэлгэцтэй “Nokia” барьдаг болсон юм. Тэр утсыг өмнөх “Siemens M35”-тай харьцуулбал видео үзэж, бичлэг хийж болох давуу талтай, бас л эгч нар маань Унгараас явуулсан утас байсан. Тэр утсаа автобусанд явж байхдаа хулгайд алдсан даа. Миний барьсан анхны ухаалаг гар утас бол 2012 оны намар авч байсан “Samsung Galaxy S2”. Тэр үед би “NTV” телевизэд ажилладаг байлаа. Миний санаж байгаагаар нэг ширээнд зэрэгцэж суудаг сэтгүүлч Болдко “S2” барьдаг байсан юм. Тэгээд нэг өдөр бид хоёр ярилцаж байсан чинь Болдко “Чи энэ утсыг аваач. "Мобиком" оруулаад ирчихсэн байна” гэлээ. Тэгэхээр нь би ч шууд “Мобиком”-ын салбар дээр очоод “Энэ утсыг лизингээр авья. Үнэ нь хэд вэ?” гэсэн “830 мянган төгрөг” гэж байна. Сарын 100 гаруй мянган төгрөгийн лизинг төлдөг байлаа. Ингээд шинэ утсаа аваад ажилдаа ороод ирсэн чинь манайхан “Паа” гэцгээгээд л, энгийн утас барьж байгаад стерео дуугаралттай, өнгөний ялгарал сайтай утас барих гоё байлгүй яахав. Интернет ороод янз бүрийн зураг татаж, дэлгэцэн дээрээ тавина. Утсандаа хавтас хийлгээд л, барьж үзээд л, хуучин утаснуудтайгаа зэрэгцүүлж байгаад дуугаргаж үздэг байлаа. Гэхдээ түүнээс хойш 2013, 2014 он гэхэд ухаалаг утас Монголыг эзэлчихсэн. Сонин байхаа ч больж, хүн бүр л барьдаг боллоо. Ер нь миний гар утасны зах зээлийн өрсөлдөөн “S2”-оороо л дууссан даа. Өөрөөр хэлбэл, би тэр явдлаас хойш ухаалаг утас шинэчлэгдэх бүрт авахаа больсон. Одоо бол “Samsung A31” барьж байна. Тэгээд “S2”-оо гурван жил орчим бариад эгчдээ өгсөн. Эгч маань бас удаан хэрэглэсэн. Би тэр утастайгаа хамт өөр нэг утас барьж байлаа. Мөн л “Мобиком” компани оруулж ирээд “Тэмээ 30 хоног ус уудаггүй, ...Nokia 30 хоног цэнэгээ барина” гэж сурталчлаад л. Би ч тухайн үед хөдөө явах гэж байсан болохоор “Мобиком” дээр очоод “Энэ нөгөө рекламдаад байсан утас мөн үү?” гэсэн “Мөн” гэхээр нь 50 мянган төгрөгөөр авсан санагдана. Цэнэгээ 30 хоног барьдаг нь худлаа юм билээ. Тэр “Nokia”-гаа аавдаа өгч, аав минь нэлээн удаан барьсан.
Би 2014 онд “Eagle” телевизэд буцаж ирж ажиллаад Шинэ жилийн баяраар супер шагналд pad хожиж байсан юм. Овор томтой болохоор сим хийж бариад гадуур авч явахад хэцүү тул зураглаач найздаа зарж байв. Өнгөрсөн жилийн Шинэ жилээр би байгууллагын шилдэг ажилтан болоод нөүтбүүкээр шагнуултал хил дээр гацаад ирдэггүй ээ. Тэгтэл “Нөүтбүүкнийхээ оронд хоёр pad авч болно” гэхээр нь “Хүүхдүүдийн тоглоом болоод дуусна, үгүй” гэлээ. Тэр үед би pad миний хэрэглээ биш гэдгийг ойлгосон.
Миний ойлгож байгаагаар гар утас үйлдвэрлэгч компаниуд нэг функц нэмэх эсвэл багахан өөрчлөөд шинэ загвар гэж гаргаж ирээд үнийг нь нэмсэн байдаг. Гэтэл гар утаснуудын үндсэн хэрэглээ нь адилхан. Миний хувьд гар утас зураг авах, бичлэг хийх, хэрэгтэй мэдээллээ хуулбарлаж авах, интернетэд холбогдох, утсаар ярьж, мессеж бичих боломжтой байхад л болно. Оюутан байсан цагаас хорин жил өнгөрсөн гэж бодоход их юм өөрчлөгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.