images

Л.Дашням: Хэтэрхий их ашиглалаа гээд утас өөдөөс чинь загнах вий!

Н.Ариунсайхан

Утас бид хоёр

2022-10-19


     “Утас бид хоёр” булангийн өнөөдрийн зочноор “Монгол уламжлал” академийн ерөнхийлөгч, профессор, яруу найрагч Л.Дашням уригдан оролцож ийн хүүрнэв.

-Та анх хэзээ, яаж гар утастай танилцаж байсан бэ?

- Би 1960 онд Улаанбаатар хотод 10 дугаар ангид суралцахаар шилжиж ирж байлаа. Тэр үед анх удаа хүмүүсийн хэрэглэдэг суурин харилцуур утастай танилцаж байсан. Өөрөө биеэ дааж ашиглаж үзээгүй ч утас дуугарахаар авч тэр хүнтэй ярья гэхээр нь хэл дамжуулж өгөөд, эргээд харилцуураа тавьчихдаг байв. Өөр бусдаар удаан ашиглаж үзсэнгүй. Дараа нь хүмүүсийн өргөн хэрэглэж эхэлсэн гар утастай танилцсан. Тухайн үеийн гар утас одоогийн ухаалаг утсыг бодвол овор ихтэй, хүнд байв. Утсан харилцуурыг суурин холбооноос нь салгаад бие дааж барьж явдаг болсон нь нэгэн техникийн гайхамшигтай ололт мэт санагдаж байлаа. Манайх 1980-аад онд харилцуураас тусад нь салгаад авч явдаг утастай болж байсан. Тэр үеийн айлууд олон улсын харилцаа холбоо, сүлжээний талаарх мэдлэг мэдээлэл, боломж янз бүрийн байдлаас харилцуур утсаа шинэчилж, гар утастай болох үе нь өөр өөр байв.

-Өнгөрсөн хугацаанд хэдэн гар утас сольсон байна вэ. Хэзээнээс ухаалаг утас барьж эхлэв?

- Би өнөөдрийг хүртэл нийт 10-аад гар утас сольжээ. Ингэхдээ хоёрыг нь алдаж, бусдыг нь сольж шинэчилсэн байна. Харьцангуй дассан утсаа бол нэлээн удаан барьчихна. Одоо барьж байгаа  SAMSUNG S7  утас маань загвар  нь хоцрогдчихсон ч ашиглахад эвтэйхэн, хэрэгцээг маань бүрэн хангаж байгаа учраас энэ утсандаа их дуртай, удаан ашиглаж байна.

-Гар утсаа юунд ихэвчлэн ашиглаж байна вэ?

- Энэ утсан дээрээ бол мэйл, мессежээ биччихнэ. Толь бичиг оруулчихсан, тэд нарыгаа харна. Google-ийн орчуулга нэг гүйлгээд харчихна. Утсаар ярина. Ямар л мэдээллийн харилцах хэлбэр байна, бүгдээр нь  ашиглахыг оролдож байна.

-Толь бичиг утсан дээрээ ашигладаг гэж байна. Гар утасны өөр аппликэйшн хэрэглэдэг үү?

- Миний утсан дээр орчуулгын, монгол хэлний тайлбар толиуд, Мазаалай  гэх мэтчилэн олон хэлээр орчуулдаг хэрэглэгдэхүүнүүд бий. Хэлнүүдийг хооронд нь тохируулаад  олон хэл рүү хөрвүүлэх боломжтой болохоор тааламжтай.  Тэрнээс гадна гадаадад явахад хэрэгтэй харилцааны хэрэгслүүд болох Viber, Whatsapp, Wechat зэргийг бүгдийг нь ашиглана. Оросын тал руу Whatsapp-ийг түлхүү ашиглана. Өвөрмонгол руу бол Wechat-ийг хэрэглэж байна. Өвөрмонгол руу явах ажил хэрэг бишгүй дээ л гарна.  Сургалт семинар, хичээл гээд л. “Монгол уламжлал” академиас Өвөрмонголын залуучуудад зориулсан зуны сургалтыг 10 зун зохион байгуулсан байна. Одоо миний шавь нар  өмнөд нутагт 200 гаруй болоод байгаа.

    Ер нь ухаалаг утсыг  чинь амархан хэрэглээд сурчих юм биш. Анх бол илүү сайн чаддаг хүүхдүүдээр утсандаа хэрэгтэй юмаа татаж суулгуулаад, заалгаж өөрөө хэрэглэгч нь болсон. Ер нь одоо бол технологийн наад захын юмыг сургуулийн хүүхдүүд илүү сайн сурцтай ашиглаад байгаа юм. Миний үеийнхэн тэр бүр гар утсыг  өргөн олон талаар нь ашиглаж чаддаггүй байх. Хуучин суурин утас шиг л хүнтэй ярих хэргийг нь гаргаж  биедээ хямгадаж авч явахыг бодно. Миний хувьд хэрэгцээнээсээ шалтгаалж, та нараас болоод гар утас ашиглах  хэрэг их гарч байна. Оюутнуудтай утсаар янз бүрээр л харьцах хэрэгтэй болно. Нөгөө талаар гадаадад сууж байгаа хүүхдүүдтэйгээ дүрст дуудлагаа хялбархан хийчихнэ. Ерөөсөө л ажил амьдралын хэрэгцээ маань өөрөө гар утас ашиглах шаардлагатай болгоод байгаа юм.

-Гар утсаараа та ажлаа хэр амжуулж байна? Ямар ажилд ихэвчлэн ашиглаж байна вэ?

Коронагаас хойш олон улсын онлайн хурлууд маш их зарлагдаж байна. Саяхан Германд болсон нэг хурал, Монголд болсон хуралд хоёуланд нь амжаад гэрээсээ оролцчихлоо. Улам л сайхан болоод байна. Охин маань үзэгний үзүүр хөдөлгөөд бичвэрийг компьютерт шууд шивдэг хавтгай төхөөрөмж авсан байна лээ. Латин үсгээр бичдэг программ нь кирилл бичгээр ч бичих боломжтой болохоор улам амар болох юм билээ. Цаасан дээр гараараа бичих жижиг гэлтгүй бичвэрээ электрон төхөөрөмжин дээр шилжүүлчихнэ л гэсэн үг. Дуугаар хураачихсан яриаг ч бас бичгээр болгодог аргыг нь нэмээд эзэмшчихвэл миний бүтээл асар их хурдтай болох юм байна гэж ойлгосон. Утсаараа ажлынхаа 30-40 хувийг урагшлуулж байна.  Хүмүүстэй харилцах, мэйл бичих, чатаар холбогдох зэргээр ажлаа хийнэ. Дэмий өөр юманд ашиглахгүй.

-Танд гар утастай холбоотой хөгжилтэй дурсамж бий юу. Түүнээсээ хуваалцаач?

- Байлгүй яахав. Би нэг удаа Жүгдэрийн Бор гэх танилтайгаа холбогдох хэрэг гарлаа. Тэгээд чатаар нэрийг нь хайхад их олон нэр гарч ирлээ. Эргэлзэж эргэлзэж эхний нэр их дөхөм харагдахаар залгаж орхив. Гэтэл урдаас өөр хэлээр яриа эхлүүлж байна. Би чинь танил руугаа залгасан, хаяг нь яг мөөн гэж бодоод, надаар тоглоод байна даа ухааны юм санаж улам цаашлуулж яриа өдөв. Тэгтэл ярианы аялга, өнгө нь нэг л өөр болоод ирлээ.  Ярьсан хүн маань сүүлдээ нутаг усаа яриад “Би монгол хүн биш ээ, дугаар андуурч залгасан байна” гээд хэлж байна. Тэр үед танилынхаа  нэрийг нь бичиж хайгаад, шууд гарч ирсэн лүү залгасан нь андуурч хөглөсөн юм билээ. Тэр хүн маань сүүлд “Надад хааяа гадаадаас дуудлага, янз бүрийн юм их ирдэг, ингэж андуурч залгаад байж. Та хааяа надтай ярьж байгаарай” л гэж авсан даа.  

-Таны барьж байсан гар утаснуудаас хамгийн дурсамжтай, чухал гэж хэлж болохуйц нь ямар утас байв?

- “Nokia” утас бид нарын хувьд мундаг том дэвшлийг харуулж байсан. Загвараа дэлхийн зах зээлд нийлүүлж байхдаа салбартаа ноёлж байсан компани. Сүүлдээ өөр шинэ технологиуд гарч ирэхэд цохигдож, одоо үзмэр болохоор болсон ч их дуртай байлаа. Ухаалаг утасны анхдагч болж байснаараа их онцлогтой. Би энэ утсан дээрээ олон ч дугаар хадгалж, хайртай байсан ч алдчихсан.

-Та багачууддаа гар утас хэрэглүүлдэг үү? Утасны зохистой хэрэглээний талаар юу хэлэх вэ?

- Утас шиг хэрэгтэй юм алга гэдэг цаг үед бид нар ирсэн байна. Их цагийн хөл түргэссэн, ажил үйл их богино цагт амжих ёстой болсон учраас одоо бол хамгийн том туслагч маань болчихлоо. Ухаалаг утсыг дотор нь ямар л ухаан байна, тэр бүгдийг нь гаргаж ашиглах хэрэгтэй болов уу. Дэмий хоосон үр дүнгүй зүйлд энерги, цаг хугацаагаа бага зарцуулах хэрэгтэй. Утас өөрөө хүний бүх асуусан зүйлд хариулах шидтэй болохоор тэр чинээгээр хүний цагийг дэмий үрэх нь ихсэх болсон. Шохоорхол сонирхлыг татах, сатааруулах, элдэв олон юм мундахгүй. Өөртөө хэрэгтэй ашигтай байдлыг гаргаж авдаг л хэрэглэгч байгаасай гэж хүсч байна. Утсаар цаг наргүй олон буруу юм үзэж харж, дамжуулах дэмий. Ухаалаг утасныхаа ухаантай хэрэглэгч л байгаарай. Магадгүй, "Та хэтэрхий их ашиглалаа" гээд утас ирээдүйд өөдөөс чинь загнахыг үгүйсгэхгүй юм.

-Баярлалаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.