images

П.Баярмагнай: Оюутан байхдаа олон утас сольдог байлаа

Н.Ариунсайхан

Утас бид хоёр

2023-05-03


Дуучин П.Баярмагнай манай “Утас бид хоёр” буланд оролцож, гар утастай нөхөрлөсөн түүхээсээ хуваалцсан юм. Энэ жил түүний хувьд уран бүтээлийн олз арвин байгаа бөгөөд саяхан нээлтээ хийсэн “Хайрцаг” уран сайхны кинонд дүр бүтээгээд зогсохгүй теле концертод ч оролцжээ. Мөн дахин хоёр ч киноны санал хүлээж авснаас гадна “Учиртай гурван толгой” дуурийн Балган, “Хөхөө Намжил” дуурийн хувилгааны дүрд тоглохоор болсон байна.

    СУИС-ийн нэгдүгээр курсээ төгссөн зун Хөвсгөл аймаг руу таньдаг ахынхаа сонгуулийн сурталчилгааны ажилд явахаар болов. Жүжигчин Л.Сөрөлт, Д.Ганцэцэг хоёртой хамт урлаг соёлын асуудлыг хариуцаж, би бол олны танил биш, тэр ахдаа тусалж явсан хэрэг. Олон хоногоор явах тул ар тийшээ холбоо барих утас авах хэрэг гарлаа. Тэгээд ямар утас авахаа бодож байтал, зурагтаар гарсан нэг реклам санаанд ордог юм. “Skytel”-ийн л реклам. Зурагтаар гарсаар байгаад сэтгэлд хоногшчихсон байх. Дундаа нугастай, бүр камертай утастай болохын мөрөөсөл болсон надад жинхэнэ “од” утас байлаа. Зориг шулуудаад шууд найз дээрээ очив. “Би утас авах хэрэгтэй байна. Skytel”-ийн тэр Анука гэдэг утсыг л авья” гээд хамт явж өгөхийг гуйв. Тэгтэл найз маань учиргүй инээгээд “Анука биш Anycall гэдэг утас! Чи ингэхэд утас барих хүн мөн үү?” гэж шоолоод салдаггүй. Би ч хэл усандаа муу хүн тэгсгээд чимээгүй боллоо. Тэгээд утас борлуулах газар ирсэн чинь хямдрал зарлачихсан, гоё дугаар дагалдуулж өгөх юм байна. Би ч бөөн баяр 91599159 гэдэг дугаар авчихлаа. Авч гарч ирээд хамгийн түрүүнд Сөрөлт, Ганцэцэг хоёр луу залгаад “За би утастай болчихлоо шүү. Энэ дугаар луу залгавал би байж байна. Маргааш өглөө бүгдээрээ цуг явах юм байна” гээд салгасан юм. Дараа нь Хөвсгөл аймаг руу авч явах Засаг дарга ах руу “Маргааш өглөө тан руу залгаад, унаанд чинь сууж явья. Одоо нэг тоглолтын хувцас аваад л боллоо” гэж ярив. Бид нарт “Сар гаран явна шүү. Хэрэгцээнийхээ эд зүйлсийг сайн базаагаарай” гэж захиж байсан юм. 2000 оны эхэн бол Фэйсбүүкийн хэрэглээ гэж байгаагүй үе. Шинэ чамин утастай хөдөө яваад Хөвсгөлийн хойд талын байгаль сайхантай бүх сумаар явж зурагтай болсон. Гэвч одоо нэг нь ч байхгүй. Тэр зургууд нэг их чанартай байгаагүй ч хүний царай, байр байдал танигдаж байсан учраас сайхан л санагддаг байсан. Анхны энэ утсаа хоёр жил барьсан даа.   

     Оюутан байхдаа гар утас их сольдог байжээ. Солилоо гэдэг нь сайндаа биш юм. Хичээл эхлэхэд сүрхий гайгүй утастай явж байснаа сургалтын төлбөр нэхэгдмэгц тэр утсаа зараад өөр хямд юм олж авна. Тэгэх мөртлөө зун нь ажил хийж мөнгөтэй болохоороо утсаа дээрдүүлнэ. Намар нь эргээд мөнгөний хэрэг гарвал зарах бол юу ч биш. Ер нь оюутнууд нийтээрээ л ийм байсан. Гоё утас зөндөө л байсан л даа. “Nokia 3310”, “Sony Ericsson K790i”, “Siemens SX1”, “Nokia 5210” гэх мэт. Би болохоор тэр солонгос утасны рекламд нь болчихсон юм. Тэр реклам дээр нэг дунд сургуулийн охин ээжийнхээ зоогийн газарт орж ирээд л чухам хамт хооллоод, зургаа авхуулаад цагийг сайхан өнгөрүүлж байгаагаар гардаг. Тэр хоёрын утас “June2000” гэдэг нэртэй, хүрээ нь цэнхэр, гол нь цагаан, камер нь эргэлддэг утас хэрэглэж байгаа харагддаг, боломж л гарвал тийм гоё камертай утас авна даа гэж байсан юм. Тэгээд яг худалдаж авсан хойноо үзэхээр яг ч тийм байгаагүй. Зүгээр л реклам байсан юм билээ.

     Би утсандаа их хайртай. Хаяхаас айна. Тэр дотор чинь чухал хүмүүсийн утасны дугаар, харилцаа холбоо, зураг хөрөг хамаг дурсамж явж байдаг юм болохоор аригтай хандахыг эрхэмлэнэ. Хамгийн сүүлд өнгөрөгч Цагаан сараар аймагтаа эмээ өвөөтэйгөө хамт зургаа авхуулаад утсан дээрээ хадгалсан юм. Цуг хөдөө явж айл хэсээд олон сайхан зурагтай болов. Гэтэл нэг удаа дүү маань миний утсыг оролдож байгаад бүгдийг нь устгачихсан. Санаандгүй хэрэг боловч тэр надад одоо ч хүртэл харамсалтай санагдаад байдаг юм. Би бас дуулж байгаа бичлэгээ утсан дээрээ хадгалаад дараа нь Фэйсбүүктээ оруулах сонирхолтой. Найзууд маань ч энэнд нааштай хандаж, зөндөө урмын үг хэлдэг. Заримдаа гоё бичлэг хийчихлээ гээд дараа нь үзэхээр эхлүүлэх товчийг нь дараагүй орхичихсон байх тохиолдол гарна. Тэр болгонд өөрийгөө ухаалаг утаснаасаа дор юм гээд л зэмлэж гарна. Ахиад нөгөө газраа очиж хийхэд анх хийсэн бичлэг шигээ уур амьсгал нь ч тэр, орчин нь тэр бүрдэж өгөхгүй, сэтгэлээр унана. Тийм хөгтэй ч гэмээр, анзааргагүй гэмээр юм их бий.

     Би ер нь хүн танихдаа маруухан, хүний нэр тогтоодоггүй хүн. Хүн над руу залгаад  “Сайн байна уу, намайг таньж байна уу” гэхээр нь тэр бүр танихгүй сандарчихна. Гэхдээ нэг их сонссон хоолой, мэдэгдүүлэхгүй гэсэндээ ойр зуурын юм яриулсаар байгаад хэнийг нь олж мэднэ. Тэгэхгүй бол төөрөгдөх нь олон. Энд тэнд явж байгаад танилцсан, олны танил хүнээр дамжуулж уулзсан хүмүүсийг яг тэр тухайн агшинтай нь түлхүүр үгээр тэмдэглэнэ. Жишээ нь “Монгол улсын Ардын жүжигчин Долгор гуайн хажууд танилцсан ах” гэдэг ч юм уу. Заримдаа тэр маань утасны дэлгэц дүүрэн юм болно. Хэзээ хойно нь хадгалсан дугааруудаа гүйлгэж хараад явахад их хөгжилтэй байдаг юм. Дараа нь нэг чухал хүнтэй ярих болбол та чинь хэн бэ гэвэл тэр хүнийг гомдоочихно шүү дээ.  

     Одоо би “Samsung Note 20 Ultra” гээд утас барьж байна. Анх авсан “Skytel”-ийн дугаартайгаа. Утас мундаг сайн мэддэг хүн биш болохоор зураг дарах, бичлэг хийхдээ л голцуу хэрэглэнэ. Тэрнээс биш утсан дотор байгаа гайхамшигтай ид шидийн хэргийг гаргаж чадах хүн биш. Дуулах, хуурдах, тоглолтын хувцасны эрэл сурал гаргах, орой үдэш унаа тэрэгнээсээ хоцорчихгүй байхын тулд ажлаа зохицуулах гээд бусдын л адилаар хэрэглэж байна даа. Заримдаа бодохоор бид нарын аав ээж, ах дүү нар бие биетэйгээ уулзаж учрах газар, цаг нараа яаж тохирдог байсан юм бол гэж гайхдаг. Ялангуяа хөдөөнөөс дөнгөж хотод орж ирсэн оюутнууд их хөлийн газар зүг чигээ яаж олдог, уулзаа учраагаа яаж зохицуулдаг байсан юм бол. Бидний арван жилийн үерхэл нөхөрлөл шиг урьдчилж тохирсон аман харилцаагаар л явдаг байсан байх. Чи тэдэн цаг хүртэл гэртээ байгаарай. Би заавал очно. Хэрвээ байхгүй байх юм бол сургууль руугаа шууд яваарай. Араас чинь алхаад оччихно” гээд л. Одоо тийм юм ярих бол дуртай үедээ утсаар яриад, хамаг явдал суудлаа нэгд нэггүй тохирчихно. Холыг ойртуулж, хоёрыг учруулдаг энэ сайхан зүйлийг зөв хэрэглэж чадах юм бол нийгмийн дэвшлээс монгол хүн яагаад ч хоцрохооргүй тийм сайхан цаг юм даа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.