Комедиан Д.Амартүвшин: Анх ээжтэйгээ ярихын тулд гар утас авч байлаа
Утас бид хоёр
2022-11-17
“Утас бид хоёр” булангийн энэ удаагийн зочноор “Comedy Lab” клубын комедиан Д.Амартүвшин оролцлоо.
2000 оны үед юм уу даа “Siemens C25” гэдэг утас барьдаг байлаа. Тэр үед утасны сүлжээ унах талаар ямар ч ойлголт байхгүй, эвдэрчихлээ л гэж бодно. Гэтэл тэр сүлжээ муутай утас байсан юм билээ. Утас аваад хамгийн анх ээж рүү залгаад ярьж байсан. Ер нь ээжтэйгээ ярихын тулд гар утас авч байлаа. Тэр үед ээж маань гадаадад ажиллаж байгаад ирсэн юм. Тухайн үед тийм ч олон хүн гар утас барьдаггүй байсан болохоор олон дуудлага ирдэггүй. Тэгэхээр нь “Над руу залгаасай” гээд л бодоод явдаг байснаа санадаг юм. Тэгээд дуудлага ирэнгүүт эргэн тойрныхоо хүмүүс рүү хараад л. Тэр үед утас яг дэлгэрч, хүмүүс барьж сурсан байсан л даа.
Хамгийн анх “Skytel”-ийн хүн цохиж алах гэж байгаа юм шиг том утас гарч байв. Түүний дараагийн үеийн утас “Siemens C25” байсан юм. Тэрийг гурван сар барьсны дараа “Samsung”-ийн өнгөт дэлгэцтэй, стерео дуугаралттай утас гарч ирснийг авсан. Стерео дуугаралттай утасны дуудлагын ая нь маш гоё сонсогдож байгаа юм. Ер нь түүнээс хойш “Samsung”-ийн утаснууд ухаалаг болсон. Миний хувьд арвын дотор гар утас сольж барьснаас хоёр гурван ч утас зээлээр авч байв. 2010 оноос хойш гар утасны үнэ нэг сая төгрөгөөс дээш үнэтэй болсон шүү дээ. Тухайн үед гар утасны шинэ загвар бүрийг л авах гэж хөөцөлддөг байлаа. Харин сүүлийн үед хоёр жил хүлээдэг болсон. Яг хоёр жилийн дараа бараг гурав дахин хямд үнээр ижилхэн чанартайг авна. Хоёр жилийн дараа ч гар утасны камерын пиксель адилхан байдаг.
Миний хувьд гар утас худалдаж авахад камер чухал. Бичлэг сайн хийдэг байх хэрэгтэй. Заримдаа би гар утсаараа подкастаа хийчихдэг учраас аудио бичлэг сайн хийдэг байхыг чухалчилна. Мөн “Amaraa’s weekly show”-ныхоо 15, 16 дугаарыг утсаараа хийж байлаа. Тэгэхээр сайн камертай утас хэрэгтэй. Би ерөнхийдөө “Samsung” хэрэглэдэг. Яг нэг жилийн дараа гурван сая төгрөгийн утас нэг сая найман зуун мянган төгрөг боллоо гэхэд эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээс гадна загвар нь хуучрахгүй. Хоёр жилийн дараа бол бүр гоё хямдарчихна. Би одоо “Samsung S20 Ultra” гэдэг утас барьж байна. Энэ утсыг гарснаас жилийн дараа хямдарсан хойно нь худалдаж авсан. 4К-аар бичдэг камер сайтай. “Instagram”-ын стори хийхдээ 4К-аар 60 фрэймтэй бичээд хийхэд гоё гардаг. Миний хамгийн их ашигладаг аппликэйшн бол “Twitter”, “Instagram” хоёр. Мөн “Youtube studio” их ашиглана. Учир нь “Youtube”-д оруулах бичлэгээ үүгээр янзалдаг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.