НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган ширүүн үргэлжилж байна
Анд нөхдийн мэдээ
2024-09-25
Өчигдөр эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаан ширүүхэн үргэлжилж байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден олон улсын хамтын нийгэмлэгийг Украинд дэмжлэг үзүүлэхийг уриалж, Ойрхи Дорнодод нийтийг хамарсан өргөн хэмжээний дайн гарах эрсдэлтэй байгааг анхааруулсан бол үдээс хойшхи хуралдаанд Ираны ерөнхийлөгч Израиль улс Газын зурваст түрэмгийлэл үйлдэж буйг хатуу шүүмжилжээ. Жо Байден “В.Путины эхлүүлсэн дайн, түүний зорилго бүтэлгүйтлээ. Бид Украиныг дэмжсээр байх болно. Бүх нийтийг хамарсан дайн хэний ч ашиг сонирхолд нийцэхгүй" гэх зэргээр эрс хатуу үг хэлсэн байна. Түүний дараа Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян Израилийг "Газын зурваст хүмүүсийг үй олноор хоморголон устгаж байна" гэж шүүмжилсэн боловч үгийнхээ төгсгөлд Иран улс дайныг эсэргүүцэж, Барууны орнуудтай цөм зэвсгээр сөргөлдөхөө зогсооход бэлэн байгаагаа илэрхийлэв. Украины ерөнхийлөгч мөн хуралдаанд оролцож “Орос улс Европт болж буй дайны гэмт хэрэгт Иран, Хойд Солонгосыг хэрэг дээрээ хамсаатан болгож байна” гэсэн бол НҮБ-д суугаа ОХУ-ын Элчин сайд В.Небензя хуралдааны талаар “Энэ бол зүгээр л нэг шоу. Одоогийн байдлаар хамгийн тулгамдсан хямрал бол Газын зурвас, Ливан, Ойрхи Дорнодын асуудал болж байхад эд нар дэмий цаг үрж байна” гэсэн байна. Дараа дараагийн хуралдаанд Украины Ерөнхийлөгч В.Зеленский, Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар үг хэлнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.