Зургаан настайдаа хулгайлагдсан хүү өвгөн болсон хойноо олджээ
Анд нөхдийн мэдээ
2024-09-24
Одоогоос дал гаруй жилийн өмнө буюу 1951 онд зургаан настай байхдаа бусдад хулгайлагдсан хүү саяхан гэр бүлийнхнээ олж уулзсан тухай Их Британийн “The Guardian” сонин мэдээлэв. АНУ-ын иргэн, эдүгээ 79 настай Луис Армандо Альбино 1951 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр зургаан настай байхдаа Калифорниа мужийн Өүклэнд хотын нэгэн цэцэрлэгт хүрээлэнд тоглож байхад нь үл таних эмэгтэй "Чихэр өгнө" хэмээн хуурч, хулгайлан одсон байна. Хүүг алга болсныг мэдэгдсэн даруйд цагдаагийн ажилтнууд болон орон нутгийн цэргүүд өргөн цар хүрээтэй эрэл хайгуул хийжээ. Тухайн үед цэцэрлэгт хүрээлэнд хамт байсан түүний ах Рожер Альбино “Толгойдоо алчуур боосон эмэгтэй дүүг дагуулж явсан” гэж мэдүүлсэн ч гэмт этгээдийг олж чадаагүй аж. Хулгайч эмэгтэй хүүг дагуулан явсаар хөдөө тосгонд байх гэртээ авчирснаар Альбино хүү огт танихгүй эр, эм хоёрын хүү болжээ. Улмаар насанд хүрсэн хойноо Вьетнамын дайнд оролцож, цэргээс халагдсаныхаа дараа гал сөнөөгчөөр ажилласан байна. Цаг хугацаа урсан өнгөрсөн ч Альбино хүүгийн аав ээж хүүгээ мартсангүй, зургийг нь гэрээрээ дүүрэн өлгөж санан дурссаар байсан бөгөөд ээж нь 2005 онд хорвоог орхих хүртлээ хүүгээ амьд мэнд яваа гэж итгэсээр байжээ. Харин Альбиногийн төрсөн дүүгийн охин Алида Алекиний ачаар төрсөн ах дүү нар бие биеэ олж уулзсан байна. А.Алекин 2020 онд онлайнаар ДНХ-ийн шинжилгээ өгтөл түүнтэй 22 хувь ижил төстэй эрэгтэй хүн байгааг олж мэджээ. Тэрбээр энэ хүнийг олон жилийн өмнө алга болсон нагац ах нь байж магадгүй гэж үзэн эрж судалж үзсэн боловч дорвитой үр дүн гарсангүй. Дараа нь энэ оны эхээр Өүклэндийн нийтийн номын сангаар үйлчлүүлж байхдаа Альбиногийн зурагтай хуучин сонины нийтлэлийг олж уншсан байна. Энэ нийтлэлээс бүх үнэнийг олж мэдсэн Алекин шууд цагдаагийн газарт мэдэгдэж, цагдаа нар олон жилийн өмнө хүүхэд алга болсон хэргийг сэргээн шалгаж эхэлжээ. Улмаар Альбино ДНХ-ийн шинжилгээ өгснөөр олон жилийн өмнө цэцэрлэгт хүрээлэнгээс алга болсон хүү мөн болох нь батлагджээ. Ингээд тэрбээр Холбооны мөрдөх товчооны дэмжлэгтэйгээр Өүклэндэд очиж ах дүү нартайгаа уулзсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.