Далай лам залгамжлагчаа тодруулахад Хятад улс ямар байр сууртай байх вэ?
Анд нөхдийн мэдээ
2024-09-23
Түвдийн оюун санааны удирдагч Далай ламын залгамжлагч яригдаж байгаа энэ үед Хятад дахь үндэстний цөөнх хариуцсан мэргэжилтэн "Хятад улс дорвитой арга хэмжээ авна" гэж мэдэгджээ. Чинхуа их сургуулийн зочин профессор, Төвд, Уйгурын нийгэмлэгийн мэргэжилтэн Барри Сортман хэлэхдээ "Хятад улс үүнд олон арван жилийн турш бэлтгэж байгаа бөгөөд Далай ламын хүслийн дагуу залгамж халааг шийдэхийг зүгээр хараад суухгүй болов уу" гэсэн байна. Өнгөрсөн долоодугаар сард 89 нас хүрсэн Далай лам 90 нас хүрэхдээ залгамжлалын асуудлыг шийднэ гэсэн таамаг байгаа бөгөөд Хятад улс үүнд сайтар бэлтгэж байгаа гэж SCMP сонин мөн мэдээлсэн байна. 2019 оны аравдугаар сард Энэтхэгийн Дарамсалад Буддын шашны томоохон хурал хурсны дараа Далай лам “Би 90 нас хүрэхдээ Буддын шашны дээд лам нар, олон нийт, Түвдийн буддист сүсэгтнүүдтэй зөвлөлдсөний дараа энэ албыг үргэлжлүүлэх эсэхээ шийднэ" гэж мэдэгдсэн юм. Энэ нь Далай 90 нас хүрээд залгамжлалаа шилжүүлнэ гэж ойлгож болох ч гаднын нөлөөллийг хаах зорилгоор дараа дүр тодруулах уламжлалт аргаас өөр арга эрэлхийлэх хүсэл зоригоо илэрхийлж байна гэж зарим мэргэжилтнүүд тайлбарласан байна. Мөн Далай лам Пап ламын сонгуультай адил нууц санал хураалтаар орны хүнээ сонгох төлөвлөгөөг хэлэлцэж байгаа тухай таамаг ч бий. XIY Далай лам Данзанжамц 1959 онд Дарамсала хотод Түвдийн орогнолын Засгийн газрыг байгуулснаас хойш хүчирхийлэлгүй тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнийг удирдсаар ирсэн юм. Хэдийгээр тэрбээр 2011 оны наймдугаар сараас хойш Төвдийн Засгийн газрын ерөнхийлөгчид засгийн газрын тэргүүний албан тушаалаа шилжүүлсэн ч дэлхий нийтэд Далай ламыг хэрэг дээрээ төрийн тэргүүн гэж үздэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.