Хятад улс байлдааны шинэ төхөөрөмж бүтээснээ танилцуулав
Анд нөхдийн мэдээ
2024-09-23
Хятад улс анх удаа бөмбөлгөн хэлбэртэй өөрөө явагч байлдааны төхөөрөмж бүтээснээ танилцуулав. “Global Times” сонины мэдээлснээр Хятад, Балба хоёр улс хамтран Чунцин хотын баазад "Эверест-Найрамдал 2024" хамтарсан сургалтын нээлтийн ёслол хийсэн байна. Ирэх сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү сургалт нь терроризмын эсрэг хамтарсан ажиллагаа уриан дор явагдах бөгөөд бага оврын зэвсэг үр дүнтэй хэрэглэх, терроризмын эсрэг тактик, дроны жолоодлого, аврах ажиллагаа зэрэг хүрээнд явагдах ажээ. Нээлтийн ёслолын үеэр Хятадын тал бага оврын галт зэвсэг, робот нохой, радар, терроризмын эсрэг тагнуулын хэрэгсэл зэрэг 20 гаруй төрлийн зэвсэг, цэргийн техник дэлгэн үзүүлэв. Эдгээрийн дотроос өөрийн хөдөлгүүртэй бөмбөг хэлбэртэй тагнуулын төхөөрөмжийг анх удаа дэлгэн үзүүлсэн байна. Цэргийн мэргэжилтэн “Global Times” сонинд өгсөн ярилцлагадаа "Бөмбөлөг хэлбэртэй мини дронууд чимээ шуугиангүйгээр өнхөрч зорьсон газраа очих, дайсны байрлалаас зайлсхийх чадвартай” гэжээ. Зөвхөн АСЕАН-ы орнууд төдийгүй Африк, Ойрхи Дорнодын орнуудтай хамтарсан цэргийн сургуулилалтыг идэвхтэй явуулж байгаа Хятад улс ийнхүү шинэ зэвсгээ танилцуулав. Өнгөрсөн тавдугаар сард Камбожтой хамтарсан цэргийн сургуулилалтын үеэр алсаас удирддаг пулемётоор тоноглогдсон робот нохойг танилцуулсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.