Моцартын шинэ бүтээл олджээ
Анд нөхдийн мэдээ
2024-09-23
Австрийн суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцартын урд өмнө олны хүртээл болж байгаагүй бүтээл олджээ. Тэрбээр 1791 онд өөд болсон бөгөөд 233 жилийн дараа ийнхүү түүний шинэ хөгжмийн зохиолыг олсон тухай Германы Лайпциг хотын номын сан мэдээлэв. Хөгжим судлаачид түүний хөгжмийн бүтээлүүдийн архив болох “Köchel” каталогийн сүүлийн хэвлэлийг засварлаж, судалгаа хийж байхдаа уг бүтээлийг олж илрүүлсэн байна. Энэхүү бүтээл нь 1760-аад оны дунд үед зохиогдсон бөгөөд чавхдаст хөгжимд зориулсан 12 минутийн хөгжим ажээ. Цагаан цаасан дээр хар хүрэн бэхээр бичсэн энэ огноо нь түүний гар бичмэл биш, 1780 онд хийсэн хуулбар гэж судлаачид үзэж байна. Улмаар уг бүтээлийг Австри улсын Зальцбург хотод болсон шинэ “Köchel” каталогийн нээлтийн ёслол дээр тоглуулсан бөгөөд хөгжмийг “Ganz kleine Nachtmusik” буюу "Богино шөнийн аялгуу" нэрээр танилцуулжээ. Мөн "В.Моцарт Итали руу анхны аялалд гарахаасаа өмнө энэ бүтээлээ туурвисан бололтой" гэсэн тайлбар хийсэн байна. В.Моцартын судалгааны хүрээлэнгийн ажилтан Ульрих Райсигер хэлэхдээ "Түүнийг судлаачид төгөлдөр хуурын хөгжим, ари, симфони хөгжмийн зохиолч гэдгээр нь мэддэг байсан бол одоо эцгийнх нь тэмдэглэж үлдээсэн баримтаар бусад жанрын хөгжмийн бүтээлүүдийг тодруулж, судалж байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.