АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын тайланг мэдээлэв
Анд нөхдийн мэдээ
2024-09-20
Ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын тайланг гаргажээ. “Washington Post” сонины мэдээлснээр Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын хөрөнгө татвартай холбоотой мэдээлэл, өөрийн тайлагнасан мэдээлэлд үндэслэн 3.9 тэрбум доллар гэсэн дүн гарсан бол Ардчилсан намаас нэр дэвшигч дэд ерөнхийлөгч Камала Харрисын хөрөнгө 8 сая доллар гэж үнэлэгдсэн байна. Д.Трамп өнгөрсөн онд үл хөдлөх хөрөнгө, зочид буудал, амралтын газар, гольфын талбай зэргээс 635 сая доллар олжээ. Тэрбээр Нью-Йорк, Калифорнид дөрвөн арилжааны үл хөдлөх хөрөнгө, Хойд Америк болон Европ, Ази тивд есөн зочид буудал эзэмшдэг аж. Дэд ерөнхийлөгч К.Харрис бүх насаараа прокурор, улсын ерөнхий прокурор, сенатор, дэд ерөнхийлөгч зэрэг албан тушаал хашиж ирсэн бөгөөд түүний орлогын тодорхой хувийг нэр хүндтэй хуульч нөхрийнх нь орлого бүрдүүлдэг ажээ. Түүний нөхөр Дуглас Эмхоф эхнэрээ дэд ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Жоржтауны их сургуулийн багшаар ажиллаж эхлэх хүртлээ жилд нэг сая гаруй доллар олдог байж. Харин К.Харрисын дэд ерөнхийлөгчийн жилийн цалин энэ оны байдлаар 284 мянган доллар байгаа бол өнгөрсөн онд гэр бүлийнх нь нийт орлого 400 мянган доллар байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.