АНУ: Ял эдэлж буй бүсгүй цахим гавтайгаа телевизийн шоунд оролцов
Анд нөхдийн мэдээ
2024-09-19
Баян өв залгамжлагчийн дүрээр Нью-Йоркийн чинээлэг хүмүүсийг хууран мэхэлсэн хэргээр ял эдэлж буй орос гаралтай герман бүсгүй 33 настай Анна Сорокин Америкийн "Ододтой бүжиглэе" телевизийн шоунд цахим гавтайгаа оролцсон тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. Тэрбээр тайзан дээр гарахдаа хар өнгийн цахим гаваа хувцастайгаа хосолсон ягаан өнгөөр бүрсэн байсан бөгөөд гараад “Би өөрийгөө олон удаа шинээр бүтээсэн. Энэ удаад бүжигчин болно" хэмээн хэлж, хамтрагч Эзра Сосагийн хамт поп од Сабринагийн “Эспрессо” дууны аянд ча-ча бүжиг бүжиглэв. Бүжиглэж байх явцдаа цахим гаваасаа болж нэгэнтээ унасан ч үргэлжлүүлэн бүжиглэсээр амжилттай дуусгахад гурван шүүгч тус бүр зургаан оноо өгч нийт 30 онооноос 18 овоо авчээ. Шүүгч, Холливүүдийн жүжигчин, бүжиг дэглээч Дерек Хафф "Хэлэх үг алга. Үнэхээр бүжиглэх авьяастай юм” хэмээн үнэлсэн байна. Анна цахим гавынхаа тухай хэвлэлд өгсөн яриандаа “Энэ тийм чухал асуудал биш. Ердөө 450 грамм жинтэй эд” гэжээ. Анна Сорокин ОХУ-ын Москва хотод ачааны машины жолоочийн охин болон мэндэлжээ. 15 настайдаа тэрбээр гэр бүлийнхээ хамт Герман руу шилжиж, улмаар 2014 онд Нью-Йоркт ирсэн байна. Энэ үедээ 60 сая долларын хөрөнгөтэй, өв залгамжлагч Анна Делви хэмээх бүсгүйн дүрд хувирч олон хүнийг залилан мэхэлжээ. 2016 оны арваннэгдүгээр сараас 2017 оны наймдугаар сар хүртэл Манхэттэний тансаг зочид буудлуудаар нэг ч доллар төлөхгүйгээр хоноглож, наргиж цэнгэн, тэр ч бүү хэл хувийн онгоцоор үнэгүй зорчиж, банкнаас хэдэн арван мянган доллар зээлсэн байна. Эцэст нь хэрэг илэрч түүнийг 2017 оны сүүлээр саатуулан баривчилжээ. Улмаар шүүх түүнийг гэм буруутайд тооцон шоронд хорих ял оноосон бөгөөд дөрвөн жил хоригдсоны дараа үлгэр жишээ хоригдол хэмээн хүлээн зөвшөөрч, 2021 оны хоёрдугаар сард сулласан байна. Одоогоор түүний ялын хугацаа дуусаагүй, цахим гавтай гэрийн хорионд байгаа аж. Түүний өмгөөлөгчийн хэлснээр Анна оршин суугаа газраасаа 70 милийн (112 км) зайд, мөн Нью-Йорк хотын таван дүүрэгт чөлөөтэй явах эрхтэй байгаа тул ийнхүү телевизийн шоунд оролцсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.