НҮБ Израиль улсыг хууль бус түрэмгийллээ зогсоохыг шаардсан тогтоол гаргав
Анд нөхдийн мэдээ
2024-09-19
НҮБ-ын Ерөнхий Ассамблей өчигдөр хуралдаж Израиль улс Палестиныг хууль бусаар эзлэн түрэмгийлж буй явдлаа 12 сарын дотор зогсоохыг шаардсан тогтоол баталжээ. Хуралдаанд 181 гишүүн орон оролцсоноос гуравны хоёроос илүү нь буюу 124 орон зөвшөөрснөөр тогтоол хүчин төгөлдөр болсон байна. Санал хураалтад Өмнөд Солонгос зэрэг 43 орон түдгэлзсэн санал өгсөн бол Израиль, АНУ зэрэг 14 орон эсэргүүцжээ. Өнгөрөгч долоодугаар сард Олон улсын шүүх Израилийн түрэмгийллийг хууль бус хэмээн мэдэгдэж, дайнаа зогсоохыг уриалсан юм. Дээрх тогтоолд мөн Израильд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг импортлохоо зогсоох, Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрт ашиглагдаж болох зэвсэг, сум, холбогдох тоног төхөөрөмжийг Израиль улсад шилжүүлэн өгөхгүй байхыг гишүүн орнууддаа уриалав. Ерөнхий Ассамблейн тогтоол даруй хэрэгжих албатай биш боловч олон улсын хамтын нийгэмлэг Палестинтай эв санааны нэгдэлтэй байгааг илэрхийлсэн бэлгэдлийн алхам хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Харин НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд Линда Томас-Гринфилд уг тогтоолыг эсэргүүцэж "Энэ нь Израиль болон Палестины ХАМАС бүлэглэлийн хооронд гал зогсоох хэлэлцээр хийх боломжийг үгүй хийнэ” гэж мэдэгджээ. Мөн Израилийн Гадаад хэргийн сайд Израиль Кац "Энэ тогтоол терроризмыг өөгшүүлж, энх тайвны үйлсэд сөргөөр нөлөөлнө" гэж мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.