images

Европын холбооны гишүүн орнууд гудамжинд тамхи татахыг хориглоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-18


   Европын холбоо өнгөрсөн 17-ны өдөр гишүүн орнууддаа хандан гадаа ил задгай тамхи татахыг хориглох, электрон тамхины хэрэглээнд хязгаарлалт тавихыг санал болгов. Улмаар "Тамхигүй орчны зөвлөмж"-ид нэмэлт өөрчлөлт оруулахаа мэдэгдсэн байна. Уг өөрчлөлтөд гадаа гудамжинд тамхи татахыг хориглох заалт оруулахыг зөвлөжээ. Үүнд хүүхдийн хөл хөдөлгөөн ихтэй газар болох тоглоомын талбай, усан бассейн, эмнэлгийн болон боловсролын байгууллагуудын гадаа талбай, нийтийн тээврийн зогсоол, үйлчилгээний газруудыг нэрлэжээ. Нөгөө талаар электрон тамхины талаарх зохицуулалтыг онцгойлон журамлахыг мөн зөвлөсөн байна. Бельги зэрэг зарим гишүүн орнууд нэг удаагийн электрон тамхи худалдахыг хориглох зэргээр зохицуулалт хийж эхлээд байна. Энэ арга хэмжээг Европ даяар электрон тамхи хэрэглэдэг залуучууд, тэр дундаа өсвөр насныхны тоо сүүлийн үед нэмэгдэж байгаатай холбон тайлбарлаж буй. Европын комисс электрон тамхины зах зээлд эзлэх хувь мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг тэмдэглээд "Эдгээр бүтээгдэхүүнийг ихэвчлэн тамхинаас гарах хэрэгсэл гэж сурталчлан, төөрөгдүүлсэн мэдээлэл явуулдаг” хэмээн шүүмжилжээ. Европын холбооны хууль тогтоомжийн нэг төрөл болох зөвлөмж нь хууль зүйн хувьд заавал биелүүлэх үүрэг хүлээдэггүй боловч гишүүн улс бүр холбогдох бодлогодоо тусгах ёстой удирдамжийн нэг төрөл юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.