images

Иран: Америктай бид ах дүүгийн харилцаатай улс

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-18


   Ираны Ерөнхийлөгч Масуд Пезежкян албан тушаалаа авсныхаа дараа хийсэн анхны хэвлэлийн бага хурал дээр АНУ-тай яриа хэлэлцээ сэргээхэд бэлэн байгаа тухайгаа дурдсан төдийгүй "Бид ах дүүгийн харилцаатай улс" хэмээн мэдэгдсэн байна. АР агентлагийн мэдээлснээр Тегеранд дотоод, гадаадын сэтгүүлчидтэй хэвлэлийн бага хурал хийх үеэрээ тэрбээр "2015 онд байгуулсан Ираны цөмийн хэлэлцээрийн (JCPOA) талаар АНУ-тай шууд хэлэлцээ хийх үү?" гэсэн асуултад "АНУ бидэнтэй дайсагнасан байдлаа зогсоовол хэлэлцээ хийхэд бэлэн байна. Бид ах дүүгийн харилцаатай улс” хэмээн хариулжээ. JCPOA нь 2015 онд АНУ, Их Британи, Франц, Хятад, Орос, Герман зэрэг зургаан орон Ирантай байгуулсан гэрээ бөгөөд Иран улс цөмийн хөтөлбөрөө хэсэгчлэн царцаах болон бууруулбал барууны орнууд эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцлах нөхцөлтэй байсан юм. Харин АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп 2018 онд албан тушаалдаа орсны дараа энэ гэрээнээс дангаараа татгалзаж, Ираны эсрэг хоригоо сэргээсэн. Өнгөрсөн тавдугаар сард Иран улсад болсон ерөнхийлөгчийн сонгуульд шинэчлэгч үзэлтэй М.Пезешкян ялалт байгуулсан бөгөөд тэрбээр Барууны орнуудтай хэлэлцээ хийх замаар хориг арга хэмжээг цуцалж, эдийн засгийн хүндрэлийг шийдвэрлэхээ амласан юм. Тэрбээр дээрх амлалт ёсоороо хэлэлцээг сэргээхэд идэвхтэй байр суурьтай байгааг мэргэжилтнүүд онцолж байна. М.Пезешкян мөн Цагдаагийн албан хаагчид гудамжинд хижаб өмсөөгүй эмэгтэйчүүдтэй дахиж сөргөлдөхгүй” гэж мэдэгджээ. BBC агентлаг “Тус хэвлэлийн хурлын үеэр зарим эмэгтэй сэтгүүлчид гивлүүр зүүгээгүй байгаа нь Ираны эмэгтэйчүүдийн хувцаслалтын хатуу журам суларч байгааг харуулж байна” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.