Их Британи: Италийн цагаачлалын бодлогоос суралцана
Анд нөхдийн мэдээ
2024-09-17
Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер Итали улсын цагаачлалын бодлого болох "Албани загвар"-т ихээхэн анхаарал хандуулж байгаа талаар ерөнхий сайд Жоржиа Мелони мэдэгдэв. Хатагтай Ж.Мелони Ромд Их Британийн ерөнхий сайд К.Стармертай уулзсаныхаа дараа хамтарсан хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, цагаачлалын асуудлыг шийдвэрлэх шинэ арга замыг эрэлхийлж хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгтэй байгаагаа илэрхийлжээ. Харин К.Стармер ерөнхий сайд хатагтай Ж.Мелониг өндрөөр үнэлж, "Ж.Мелони цагаачлалын зам дагуух улс орнуудтай хамтран ажиллаж, цагаачлалын шалтгааныг үндсээр нь шийдвэрлэх, хууль бусаар хил давуулдаг бүлэглэлүүдийн асуудлыг цэгцлэхэд гайхалтай ахиц дэвшил гаргасан" гэжээ. Улмаар “Дүрвэж ирсэн хүмүүстэй тэмцэх биш, хүмүүсийг эх орноосоо дүрвэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх нь хамгийн чухал” гээд хууль бус дүрвэгсдийн урсгалыг таслан зогсооход Италийн бодлогоос суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Энэ онд Италид ирсэн цагаачдын тоо 44.675 болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 55 хувиар огцом буурсан үзүүлэлт ажээ. Үүнд Балканы хойгийн Албани улсад баригдаж буй цагаачдыг хүлээн авах төв гол үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байна. Итали улс хууль бус цагаачдыг Албани дахь цагаачдын төв рүү илгээж, орогнол хүссэн өргөдлийнх нь хариуг хянах хүртэл тэнд байлгахаар болж, дараа нь орогнол олгохоос татгалзсан цагаачдыг эх оронд нь буцаах бодлого баримталж байна. Харин Их Британийг зорьж ирсэн цагаачдын тоо 2018 онд 299 байсан бол 2022 онд 45 мянга болж 150 дахин нэмэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.