images

Герман дүрвэгсдийн эсрэг хилийн хяналтаа чангатгав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-17


   Герман улс өчигдрөөс эхлэн хөрш зэргэлдээ Франц, Нидерланд, Бельги, Люксембург, Дани зэрэг улстай хиллэдэг хилийн шугам дээрээ гэнэтийн шалгалт хийж эхэлжээ. Улмаар бүх хилийн цэгүүд дээрээ хяналтаа чангатгасан тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Шалгалтаар хууль бус цагаачид болон гэмт хэрэг үйлдэх магадлалтай гэж үзсэн олон хүмүүсийг саатуулсан байна. Сүүлийн үед тус улсын хилээр дүрвэгсэд олноор нэвтэрч, зарим нь гэмт хэрэгт холбогдох болсон тул ийм арга хэмжээ авч хилийн хяналтыг чангатгаж байгаа ажээ. Зарчмын хувьд Шенгений орнуудын хооронд цагаачлалын хяналт шалгалт байдаггүй боловч үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул заналхийлсэн тохиолдолд хилийн түр хяналтыг хэрэгжүүлж болдог. Гэхдээ энэ нь түр зуурынх байх ёстой гэж гэрээнд заасан байдаг аж. Харин тус улсаас хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээ нь хөрш орнуудын эсэргүүцэлтэй тулгарч байгаа талаар дээрх агентлаг онцлов. Тухайлбал Польшийн Ерөнхий сайд Дональд Туск дүрвэгсдийн хөлд дарагдаад байгаа бусад улс орнуудтай яаралтай зөвлөлдөхийг уриалжээ. Мөн Ойрхи Дорнодоос Германыг зорьж буй дүрвэгсдийн гол дамжин өнгөрөх зам болсон Австри улсын ерөнхий сайд Карл Нехаммер хэрвээ Герман улс дүрвэгсдийг олноор буцаавал Австри ч бас ийм арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.