images

АНУ: 9 дүгээр сарын 11-ний террорист халдлагын талаар залуу үеийнхэн мэдэхгүй байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-16


   Америкийн түүхэн дэх хамгийн эмгэнэлт явдал болсон есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш 23 жил өнгөрчээ. 2001 оны есдүгээр сарын 11-ний өглөө исламын террорист "Аль-Каида" бүлэглэл АНУ-ын дотоодын дөрвөн нисэх онгоцыг барьцаалж Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэг дэх Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг мөргөснөөр 110 давхар хоёр барилга бүрэн сүйдэж олон хүний амь эрсэдсэн юм. Нийт 2996 хүн амиа алдсаны дотор дөрвөн онгоцонд зорчиж явсан 265 зорчигч, Дэлхийн худалдааны төв болон түүний эргэн тойронд байсан 2606 хүн, 343 гал сөнөөгч, 72 цагдаа, 55 цэрэг байжээ. Харин эдүгээ тус улсад энэ үйл явдлын талаар огт мэдэхгүй, тухайн үед төрөөгүй байсан шинэ үеийн хүмүүс гарч ирж байна. Энэ террорист халдлагыг их сургууль төгсөгчид төдийгүй залуу багш нар ч сайн мэдэхгүй байна. Индиана мужийн Салливан хотын бага сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагчид энэ үйл явдлыг дурсах үүднээс биеийн тамирын талбайг тойрон гурван тойрог гүйжээ. Ангийн багш Майа Мүүди орон нутгийн телевизэд “Бид есдүгээр сарын 11-нд амиа алдсан 343 гал сөнөөгчийн баатарлаг явдлыг дурсах зорилгоор ийм алхам хийсэн. Үүнийг залуу хойч үе мартахгүй дурсаж явах учиртай” гэв. Тус улсын их, дээд сургуулиудийн оюутнууд уг халдлага болох үед төрөөгүй байсан үеийнхэн бөгөөд тухайн үйл явдлыг дурсах үүднээс сургуулийн захиргаанаас ёслол зохион байгуулж Америкийн төрийн 3000 ширхэг далбааг мандуулан хүндэтгэл үзүүлж, тус мужаас сонгогдсон сенатор үг хэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.