Их Британи: Хууль бус цагаачлалын асуудлыг Итали улстай хамтран шийдвэрлэнэ
Анд нөхдийн мэдээ
2024-09-16
Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер Руанда улс руу дүрвэгсдийг шилжүүлэх өмнөх Засгийн газрын дэвшүүлсэн шийдвэрийг цуцалсны дараа Итали улсын авч хэрэгжүүлж буй бодлогод анхаарал хандуулах болсон тухай “Daily Telegraph” сонин мэдээлэв. Итали болон Албани улс Африк, Ойрхи Дорнодоос Италид ирж буй хууль бус цагаачдыг байрлуулах зорилгоор Албани улсад цагаачдын хоёр төв байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ төв нь хууль бус цагаачдыг Албани дахь цагаачдын төв рүү илгээж, орогнол хүссэн өргөдлийнх нь хариуг хянан үзээд, хариу гарах хүртэл түр хугацаагаар орогнуулах зориулалттай юм. Ингэснээр жил бүр 36 мянга орчим орогнол хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх боломжтой болно гэж Итали улс үзэж байгаа бөгөөд уг гэрээ байгуулсны хариуд Албанид 16.5 сая евро төлөхөөр болсон байна. Италийн нэгэн адил хууль бус цагаачлалтай тэмцэж буй Их Британи улс өмнөх засгийн үед Руанда улс руу цагаачдыг шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлсэн юм. Гэсэн хэдий ч хүний эрхийн зөрчил, олон улсын хууль тогтоомжтой зөрчилдсөн асуудлаар хуулийн маргаан үргэлжилсээр байх үед эрх баригч Хөдөлмөрийн нам ялагдаж Засгийн газар нь огцорсон билээ. Улмаар шинэ ерөнхий сайд К.Стармер Вашингтоноос Италийн Ром хотод очиж, цагаачлалын асуудлаар ерөнхий сайд Жоржиа Мелонитэй уулзаж санал солилцсон юм. Тэрбээр Ж.Мелонитой хууль бус цагаачлалын асуудлаар хэрхэн хамтран ажиллах талаар урьдчилсан байдлаар ярилцсан бөгөөд чухам ямар шийд гарсан нь одоогоор тодорхойгүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.