images

АНУ: Та Эрх чөлөөний хөшөөг хэр сайн мэдэх вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-16


   АНУ-ын Нью-Йорк хот бол жилд 60 сая гаруй жуулчин зорьж очдог аялал жуулчлалын том хот юм. Тэндхийн хамгийн том дурсгалт газар болох Эрх чөлөөний хөшөөнд ажлын болоод амралтын бүх өдрүүдээр хүний хөл тасардаггүй. Тэгвэл Эрх чөлөөний хөшөөний талаар олон нийт төдийлөн мэддэггүй зарим баримт байдаг. Тус улсын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн захиргааны Эрх чөлөөний хөшөө хариуцдаг мэргэжилтэн тэдгээрээс ийн өгүүлжээ.

1. Хөшөөний хэлбэр дүрс юуг илэрхийлдэг вэ?

   Эрх чөлөөний хөшөөг өнгөцхөн харахад бамбар барин зогсож байгаа мэт харагдах боловч ойртох тусам баруун хөл нь урагш алхаж, зүүн хөлийнх нь өсгий өргөгдсөн байдалтай бөгөөд энэ нь “Эрх чөлөө рүү чиглэн урагшилж буй” гэсэн утга илэрхийлдэг байна. Уг хөшөөг 1886 онд Францын уран барималч Фрэдэрик Бартольди АНУ-ын тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулан бүтээжээ. Хөшөөний дээрээс харвал доод хэсэгт нь Америкийн тусгаар тогтнол, дарангуйлал эцэс болж буйг илтгэсэн тасархай гинж, дөнгөнүүд байдаг. Зүүн гар дахь чулуун самбарт 1776 оны Америкийн тусгаар тогтнолын өдөр долоодугаар сарын 4-нийг ром тоогоор бичсэн байдаг аж.

2. Эрх чөлөөний хөшөө аюулгүй юу?

   Энэ оны дөрөвдүгээр сард АНУ-ын Нью-Йорк хотод томоохон хэмжээний газар хөдлөлт болоход хяналтын камерт хөшөө ганхан хөдөлж буй нь бичигдсэн байжээ. Тиймээс хүмүүс энэ явдалд гайхширч болгоомжлох болсон байна. Харин мэргэжилтэн "Энэ хөшөө бат бөх баригдсан тул санаа зовох хэрэггүй" гэсэн байна. 22 давхар барилгатай тэнцэх өндөр уг хөшөө 80 км/цаг хурдтай салхинд 7.62 см ганхдаг бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл ажээ. Харин хөшөө хэд хэдэн удаа аянганд нэрвэгдсэн тул ойролцоо нь аянга зайлуулагч байршуулсан гэнэ.

3. Засвар үйлчилгээ хийдэг үү?

   Эрх чөлөөний хөшөөг 50 жилд нэг удаа их засварт оруулдаг. 1930-аад оны сүүлчээр жил хагасын хугацаанд хааж засвар хийсэн бол хамгийн сүүлд 1984 онд 25 сая доллар зарцуулан хоёр жил орчмын хугацаанд засварлаж 1986 оны долоодугаар сарын 5-нд дуусган олон нийтэд нээжээ. Хөшөөг анх бүтээхэд хийсэн бамбарыг 1984 онд сольсон бол хуучин бамбар Эрх чөлөөний арал дээрх Эрх чөлөөний хөшөөний музейд хадгалагдаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.