images

Хүмүүст инээдэм, бас эргэцүүлэн бодох боломж олгодог “Ig Nobel”-ын шагналтнууд тодров

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-13


   Хөхтөн амьтад шулуун гэдсээрээ амьсгалах чадвартай болохыг тогтоосон судалгааны баг 34 дэх удаагийн “Ig Nobel” шагнал хүртжээ. Энэхүү шагнал нь 1991 оноос хойш жил бүр олгож эхэлсэн, шинжлэх ухааны судалгаанд гарсан ер бусын давтагдашгүй бөгөөд инээдтэй хошин судалгаанд олгодог шагнал юм. Гол зорилго нь хүмүүсийг эхлээд инээлгэж, дараа нь эргэцүүлэн бодоход хүргэсэн амжилтыг алдаршуулах явдал аж. Массачусетс их сургууль дээр шагнал гардуулах ёслол болж, хими, геологи, уран зохиол, механик инженерчлэл, нийгмийн эрүүл мэнд зэрэг 10 салбарын шилдгүүдийг тодруулсан байна. Физиологийн салбарын шагналын эзнээр шалгарсан Япон, Америкийн эрдэмтдээс бүрдсэн судалгааны баг нь хөхтөн амьтад шулуун гэдсээрээ амьсгалж чаддаг болохыг олж тогтоосон судалгаагаараа дээрх шагналыг хүртэв. Тэд хулгана, гахай дээр хийсэн туршилтаар хошногоны нүхээр орж буй хүчилтөрөгч цусанд шингэдэг болохыг олж тогтоосон аж. Ковид-19 цар тахал дэгдэхэд өөрөөрөө амьсгалахад хүндрэлтэй өвчтөнүүдэд амьсгалын аппарат хүрэлцэхгүй болж байх тэр үед зарим амьтад, тухайлбал, хулгана шулуун гэдсээрээ амьсгалж чаддаг байх магадлалтайг олж мэдэн энэхүү судалгааг эхлүүлсэн гэнэ. Судалгааг удирдан явуулсан Токиогийн Анагаах ухааны их сургуулийн проффессор Таканори Такебэ шагналын тухай мэдээ сонсоод өөрийнх нь судалгаа хүмүүст инээд хөөрөөс гадна эргэцүүлэн бодох боломж өгсөнд баяртай байгаагаа хэлжээ. Харин анатомийн салбарын шагналыг Франц-Чилийн судалгааны баг хүртэж, бөмбөрцгийн өмнөд болон хойд туйлын хүмүүсийн үсний буржгарын чиглэл өөр байдаг болохыг тогтоожээ. Судалгаагаар ихэнх хүмүүсийн үс цагийн зүүний дагуу буржгар байдаг бол өмнөд туйлын хүмүүсийнх үүний эсрэг байдаг аж. Түүнээс гадна Их Британийн Оксфордын их сургуулийн доктор Саул Ньюман төрсний гэрчилгээ байхгүй эсвэл төрөлт, нас баралтын статистик мэдээ төдийлөн хөтөлддөггүй бүс нутагт хүмүүс илүү урт насалдаг болохыг харуулсан хүн ам зүйн чиглэлийн судалгаагаараа дээрх шагналыг хүртсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.