images

Дуучин Тэйлор Свифт ерөнхийлөгчийн сонгуульд Камала Харрисийг дэмжинэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-12


   Поп дуучин Тэйлор Свифт энэ жилийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дэд ерөнхийлөгч Камала Харрисийг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн даруй цахим орчинд есөн сая гаруй хүний дэмжлэгийг авсан байна. "Reuters" агентлагийн мэдээлснээр, ерөнхийлөгчид нэр дэвшигчийн мэтгэлцээн телевизээр шууд цацагдсан даруйд Т.Свифт "Instagram" дахь хаягтаа "Би 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Камала Харрисийн төлөө саналаа өгнө" хэмээн мэдэгджээ. Сонгууль болоход ердөө хоёр сар орчмын хугацаа үлдээд буй энэ үед дэлхийн хэмжээний од, ихээхэн нөлөө бүхий дуучин бүсгүй хэнийг дэмжих нь олны анхаарал татаж байсан юм. Түүнийг цахим орчинд ийн мэдэгдсэнээс хойш 20 цагийн дотор 9.6 сая гаруй хүн түүнтэй санал нэг буйгаа илэрхийлжээ. Тухайлбал, Холливүүдийн од Женнифер Энистон, Селена Гомес, сагсан бөмбөгийн од Кэйтлин Кларк зэрэг алдартнууд энд нэгдсэн байна. Дуучин бүсгүй мөн энэ удаагийн сонгуульд анх удаа санал өгөх гэж байгаа хүмүүст хандан хариуцлагатай хандахыг уриалжээ. Харин үүний эсрэг Дональд Трамп “Fox News" телевизэд өгсөн ярилцлагадаа түүнийг илтэд тохуурхан ярив. Мөн Д.Трампыг дэмжиж буй “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск X (хуучин Twitter) хуудсандаа "За, Тэйлор. Чи яллаа" гэж ёжилжээ. Улс төрийн шинжээчид 35-аас доош насныхан буюу залуу үеийнхэнд Т.Свифт хүчтэй нөлөө үзүүлж чадна гэж үзэж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.