images

“Apple” компани Ирланд улсад 13 тэрбум еврогийн татвар нөхөн төлнө

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-11


    Ирландын Засгийн газраас олон жил “Apple” компанид үзүүлсэн татварын хөнгөлөлтийг Европын холбооны Дээд шүүх хууль бус гэж үзсэн тул тус компаниас 13 тэрбум еврогийн татвар нөхөн төлүүлэхээр болсон тухай “Financial Times” сонин мэдээлэв. Шүүхийн шийдвэрийн дагуу Ирландын засгийн газрыг тус компаниас хүүгийн төлбөр нэмэгдүүлээд 14.3 тэрбум еврогийн татвар нөхөн авахыг үүрэг болгосон байна. Үндэстэн дамнасан компаниудын хөрөнгө оруулалтыг татвараас хөнгөлөх замаар улс орондоо оруулж ирэхээр “Apple” компанид аж ахуйн нэгжийн татварын хөнгөлөлт үзүүлсэн тус улсын Засгийн газар санхүүгийн ийм их орлого олох болсон нь гэнэтийн явдал болж байна. Ирландын Засгийн газар төлөгдөөгүй татвараас зайлсхийхийн тулд “Apple” компанитай хамтран Европын комиссын эсрэг шүүхийн нэхэмжлэл гаргахад мөн 10 сая доллар зарцуулжээ. Нэгэнт ийм шийдвэр гарсан тул тус улсын Засгийн газар “Apple”-аас авах татварыг орлогыг орон сууцны болон, эрчим хүчний хомсдол, ундны ус, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах бололтой. 13 тэрбум еврогийн татварыг нэг дор авах нь аливаа улсын засгийн газрын хувьд таатай мэдээ боловч Ирландын тухайд төрийн сан нь гэнэт их мөнгөөр ​халгих болж байна гэж дээрх сонин онцлов. Сөрөг хүчний нам энэ татварын орлогыг эдийн засгийг эрчимжүүлэхэд зарцуулах ёстой гэж үзэж байгаа ч нөгөө талаар төсвийн их зардал нь эдийн засгийг хэт халахад хүргэж болзошгүй гэсэн болгоомжлол байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.