images

Японы түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд тодрох магадлалтай байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-11


   Японы Либерал ардчилсан намын даргын сонгуульд Байгаль орчны сайд асан Шинжиро Коизүми ялах хамгийн магадлалтай нэр дэвшигчээр тодорч байна. Эдүгээ 43 настай тэрбээр энэ сонгуульд ялбал тус улсын түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд болох юм. Ш.Коизүми нь 2001-2006 онд Засгийн газрын танхимыг удирдаж байсан Ерөнхий сайд асан Коизүми Жүничирогийн хоёр дахь хүү билээ. Тэрбээр нэр дэвшихээ зарласан хэвлэлийн бага хурал дээр өнгөрсөн оны сүүлчээс эхлэн нам доторх фракцуудын улс төрийн хууль бус санхүүжилтийн дуулианаас болж рейтинг нь 20 хувь болтлоо унасан Либерал ардчилсан намыг бүрмөсөн өөрчилнө гэж мэдэгдсэн байна. Энэ сард өргөн нэвтрүүлгийн мэдээллийн сүлжээ JNN-ээс явуулсан "Дараагийн ерөнхий сайд болоход хэн тохиромжтой вэ?" гэсэн олон нийтийн санал асуулгад Ш.Коизүми 28.5 хувийн дэмжлэг авсан нь нэр дэвшигчдээс хамгийн өндөр хувь ажээ. Тус улсын засгийн эрхийг дангаар эзэмшиж ирсэн Либерал ардчилсан намын өмнөх дарга нарын дундаж нас 63.8 байгаа бөгөөд 2006 онд 51 настайдаа сонгогдсон Шинзо Абэ хамгийн залууд тооцогдож байв. Шинжиро Коизүми нь Канто Гакуэн их сургуульд эдийн засагч мэргэжлээр суралцаж, Колумбын их сургуульд улс төрийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2009 онд аавынхаа тойрогт өрсөлдөн парламентын гишүүнээр сонгогдож, 2019 онд ерөнхий сайд Ш.Абэгийн танхимд Байгаль орчны сайдаар ажиллажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.