images

Украин улс алсын тусгалтай пуужин хэрэглэхийг Барууны орнууд зөвшөөрөх үү?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-11


   Их Британийн өдөр тутмын “The Times” сонин дотоодын эх сурвалжаас эш татан Украин улс Барууны орнуудаас авсан алсын тусгалтай пуужингаар Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг АНУ ойрын үед зөвшөөрөх магадлалтай байгааг дурджээ. Их Британид айлчилж байгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тони Блинкен өнөөдөр тус улсын Гадаад хэргийн сайд Дэвид Ламмитай энэ асуудлаар ярилцана гэж тус сонин мэдээлэв. Их Британийн Засгийн газрын эх сурвалжууд энэ сарын сүүлээр болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы өмнө АНУ-ын байр суурь өөрчлөгдөж болзошгүй хэмээн таамаглаж байсан бөгөөд Цагаан ордны зарим албан тушаалтан зэвсгийн хэрэглээнд тавьсан хязгаарлалтыг цуцлах байр суурьтай байгааг онцолжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд улс орныхоо ялалтын стратегийг танилцуулах, дэмжлэг үзүүлэхийг уриалах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн юм. Хэрэв Цагаан ордон өмнөх байр сууринаасаа ухарч, Украинд алсын тусгалын пуужин ашиглахыг зөвшөөрвөл хоёр жил, долоон сар үргэлжилж буй Украины дайнд томоохон өөрчлөлт гарна. Үүнтэй холбогдуулан сэтгүүлчид ерөнхийлөгч Жо Байденаас Украины зэвсгийн хэрэглээнд хязгаарлалт тавих эсэхийг асуухад "Бид яг одоо үүнийг боловсруулж байна" гэж хариулжээ. Ерөнхийлөгч Ж.Байден, Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер нар 13-нд Вашингтонд уулзах үеэр энэ асуудлыг хэлэлцэх бололтой гэж “The Times” сонин бичжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.