Итали: Өсвөр насны хүүхэд гар утас эзэмшихийг хориглох санал асуулга өрнөж байна
Анд нөхдийн мэдээ
2024-09-11
Итали улсад 14-өөс доош насны хүүхэд ухаалаг гар утас эзэмшихийг хориглох, 16-аас доош насны хүүхэд олон нийтийн сүлжээнд (SNS) хаяг нээхийг хориглох тухай санал асуулга олны дэмжлэг хүлээж байна. Дэлхийн хамгийн том санал асуулгын талбар болох change.org сайтад нээгдсэн "Ухаалаг утас ба SNS: Технологи болгонд зөв цаг үе бий" нэртэй санал асуулгад тус улсын нийгмийн бараг бүх давхаргын нэр хүндтэй хүмүүс санал өгсөн байна. Боловсролын байгууллагаас явуулж буй уг санал асуулгад тус улсын алдартай кино найруулагч Паола Кортелеси, жүжигчин Альба Рорвачер, Стефано Аккорси нар нэгдсэн нь олны анхаарал татаж байгаа тухай ANSA агентлаг мэдээлжээ. Санал асуулгын гол зорилго нь өсвөр насныхныг ухаалаг утас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээс хамгаалах зорилготой болохыг онцолжээ. Санал асуулгыг гардан зохион байгуулж буй боловсролын мэргэжилтэн Н.Новара “La Repubblica” сонинд өгсөн ярилцлагадаа "Насанд хүрээгүй хүмүүст архи, тамхи хэрэглэхийг хориглодог шиг ухаалаг утас, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хязгаарлах ёстой" гээд Итали улс энэ өөрчлөлтийг хийсэн анхны улс болно гэдэгт итгэж буйгаа хэлсэн байна. Мөн Боловсролын сайд Жузеппе Балдитара ANSA агентлагт өгсөн ярилцлагадаа энэ удаагийн санал асуулгын агуулгыг хүлээн зөвшөөрч, дэмжиж буйгаа илэрхийлж, хууль батлахад анхаарна гэдгээ мэдэгдэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.