images

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Испани улсаас орогнол хүсэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-09


   Өнгөрсөн долоодугаар сард болсон Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд Николас Мадуро санал луйвардан ялсан тухай маргаан үргэлжилж байгаа энэ үед сөрөг хүчний удирдагч Эдмундо Гонсалес Уррутиа Испани улс руу дүрвэж гарсан байна. Тэрбээр өнгөрсөн сонгуулиар хамгийн олон санал авч ялалт байгуулсан хэдий ч ерөнхийлөгч Н.Мадуро сонгуулийн дүнд өөрчлөлт оруулж хууль бусаар засгийн эрх авсан гэж АНУ болон олон улсын хамтын нийгэмлэг үзэж байна. CNN агентлагийн мэдээлснээр, Испанийн ГХЯ-ны сайд Хосе Мануэль Альварес өчигдөр Гонзалес Уррутиаг тус улсаас орогнол хүсэж Мадрид хотод ирсэн тухай мэдэгджээ. Мөн Венесуэлийн дэд ерөнхийлөгч Делси Родригес “Каракас дахь Испанийн Элчин сайдын яаманд түр орогнож байсан Э.Гонсалес эх орноо орхин гарч, Испанийн Засгийн газраас улс төрийн орогнол хүссэн” гэж мэдэгдсэн байна. Түүний гадаад улсаас орогнол хүсэх болсон шалтгаан нь Н.Мадурогийн дэглэмийн прокурорууд түүнийг баривчлахыг оролдсонтой холбоотой ажээ. Венесуэлийн прокурорууд түүнийг "Терроризмтой холбоотой гэмт хэрэгт холбогдсон. Мөн эрх мэдлээ урвуулан ашигласан, албан ёсны бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн” хэрэгт буруутгаж буйгаа мэдэгдсэн байна. Э.Гонсалес өөрт нь тулгасан хэргүүдийг хууль зүйн үндэслэлгүй хэмээн няцаажээ. Венесуэлд өнгөрсөн долоодугаар сарын 28-нд болсон сонгуулийн урьдчилсан дүнгээр Э.Гонсалес тэргүүлж байсан хэдий ч ердөө зургаахан цагийн дотор тус улсын Сонгуулийн хороо ерөнхийлөгч Н.Мадурог ялсан хэмээн зарласан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.