Францын шинэ ерөнхий сайд томилогдов
Анд нөхдийн мэдээ
2024-09-06
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр Бүгд найрамдах намын гишүүн, сайд асан Мишель Барниерийг ерөнхий сайдаар томилов. М.Барниер бол 22 настайгаасаа хойш өнөөг хүртэл 50 гаруй жил улс төрд зүтгэж, ерөнхийлөгч асан Франсуа Миттеран, Жак Ширак, Николя Саркози нарын үед сайдын албан тушаал хашсан туршлагатай улстөрч юм. Тус улсад өнгөрсөн сарын 7-нд болсон ээлжит бус сонгуульд эрх баригч Сэргэн мандлын нам тэргүүтэй төв үзэлтнүүдийн эвсэл ялагдал хүлээж, Үндэсний Ассамблейд суудал авсан улс төрийн гурван том намын хооронд тэмцэл өрнөсөөр ерөнхий сайдаа томилж чадаагүй юм. Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ талаар мэдэгдэл хийхдээ "Улс орон, ард түмэнд үйлчлэх нэгдсэн засгийн газар байгуулах үүргийг сайд М.Барниерт даатгалаа. Энэ томилгоог урьд өмнө байгаагүй зөвшилцлийн үр дүнд хийсэн бөгөөд цаашид ерөнхий сайд, засгийн газар тогтвортой ажиллах болно” гэсэн байна. Ерөнхийлөгч Э.Макрон өнгөрсөн сарын 23-наас эхлэн улс төрийн намуудын удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзаж, ерөнхий сайдад тохирох нэр дэвшигчийн талаар зөвшилцсөөр байжээ. Ерөнхий сайд М.Барниер 1973 онд Савоэй мужийн гишүүнээр сонгогдон улс төрд орж тухайн үедээ Төлөөлөгчдийн танхимын хамгийн залуу гишүүн болсон байна. Улмаар 1993 онд ерөнхийлөгч Ф.Миттераны Засгийн газрын үед Байгаль орчны сайд, 1995 онд ерөнхийлөгч Ж.Ширакийн Засгийн газрын үед Европын хэрэг эрхэлсэн сайд, 2004 онд Гадаад хэргийн сайдаар тус тус ажиллажээ. Мөн 2016 онд Их Британи улс Европын холбооноос гарах асуудлыг хэлэлцэх үед тус холбооны ахлах төлөөлөгчөөр ажилласан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.