images

АНУ: “Cooper Union” их сургууль оюутнуудаа сургалтын төлбөрөөс чөлөөлөв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-05


   АНУ-ын Нью-Йорк хотын “Cooper Union” их сургууль одоо суралцаж буй бүх оюутнуудаа сургалтын төлбөрөөс чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Оюутнуудыг үнэ төлбөргүй сургадаг уламжлал 10 жилийн дараа дахин сэргэж байгааг тус сургуулийн захирал Лора Спаркс мэдэгджээ. Одоогийн байдлаар жилийн төлбөр 45 мянган доллар байгаа бөгөөд нийт оюутнууд 50 хувийн хөнгөлөлттэй суралцаж байгаа аж. Харин энэ хичээлийн жилээс 2028 он хүртэл сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөх тогтолцоог дэс дараатай хэрэгжүүлэхээр шийдвэрлэснээ сургуулийн удирдлага мэдээлжээ. Тус сургууль 1859 онд байгуулагдсан бөгөөд тухайн үеийн Америкийн тэргүүн баян Питер Күпер “Боловсрол бол хүн бүхэнд ус, агаар мэт хэрэгтэй зүйл юм. Тиймээс үнэ төлбөргүй байх ёстой” хэмээн мэдэгдэж энэ сургуулийг үүсгэн байгуулсан түүхтэй. Архитектур, технологи, урлагийн чиглэлээр боловсрол олгодог энэ сургууль бусад их сургуулиудтай харьцуулахад тийм том биш, Манхэттэн дүүргийн зүүн бүсэд байрлах таван барилгаас бүрддэг, усан бассейн, биеийн тамирын заал байдаггүй. Нью Йорк хотыг дүрсэлсэн "I Love New York" логог зохион бүтээсэн Милтон Глейзер, Германы Берлин дэх Еврейн музей, Сөүлийн Ганнам дүүрэг дахь I-Park цамхагийг зохион бүтээсэн архитектор Даниел Либескинд нар энэ сургуулийн төгсөгч ажээ. Үйл ажиллагааны зардлыг их сургуулийн өмчлөлд байдаг үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлого болон төгсөгчдийн хандиваар бүрдүүлдэг. Нийт оюутнуудыг төлбөрөөс чөлөөх бодлогыг 2028 оноос эхлэн хэрэгжүүлэх байсан хэдий ч саяхан тус сургуулийн гурван төгсөгч их хэмжээний мөнгөн хандив өргөснөөр энэ хугацааг наашлуулах таатай боломж бүрдсэнийг сургуулийн удирдлага онцолсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.