Казахстан: К.Токаев өмнөх ерөнхийлөгч Н.Назарбаевын эрхийг хасав
Касым-Жомарт Токаев © Акорда.

Казахстан: К.Токаев өмнөх ерөнхийлөгч Н.Назарбаевын эрхийг хасав


   Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсын 2020-2030 оны Гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах зарлигт гарын үсэг зурлаа. Энэхүү баримт бичгээр Казахстаны гадаад бодлогын зарчим, зорилго болон хэрэгжүүлэх арга замуудтай холбоотой зарим найруулгыг шинэчилсэн байна. Эдгээрээс хамгийн их анхаарал татсан томоохон өөрчлөлт нь, баримт бичгийн эхэд анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нэрийг шууд дурдсаныг хассан явдал юм. Өмнөх хувилбарт Казахстаны гадаад бодлогын үндсэн зарчмуудын нэгээр "Улс орны хөгжлийн шинэ шатанд анхны Ерөнхийлөгч-Елбасы (Үндэстний эцэг гэсэн утгатай казах үг. Ред. duuren.life) Н.А.Назарбаевын гадаад бодлогын чиглэлийг үргэлжлүүлэх" гэж заасан байжээ. Тэгвэл шинэчлэн найруулсан хувилбарт энэ заалтыг "Улс орны хөгжлийн шинэ шатанд гадаад бодлогын өмнөх чиглэлийг үргэлжлүүлэх" хэмээн өөрчилсөн байна. Ингэснээр тус улс Н.Назарбаевын хувь хүний шинжтэй бодлогын залгамж чанар бус, харин төрийн гадаад бодлогын ерөнхий залгамж чанарыг чухалчлахаа тунхаглаж байгаа юм. Мөн Н.Назарбаевын гадаад бодлогын санаачилгын талаарх хэсгийг хасчээ. Өмнөх баримт бичигт энэ нь “Казахстан улсын Анхны Ерөнхийлөгч-Елбасыгийн тухай” хуулийн дагуу анхны Ерөнхийлөгч-Елбасы нь түүхэн эрхэм үүргийнхээ хувьд гадаад бодлогын амин чухал асуудлаар санаачилга гаргаж Казахстан улсын ард түмэн, төрийн байгууллагууд болон албан тушаалтнуудад хандах насан туршийн эрхтэй" гэж байсан юм. Мөн өмнө нь Казахстаны бүс нутгийн болон дэлхийн бодлого, эдийн засгийн талаар баримтлах чиглэл, санаачилгыг олон улсад хүргэхдээ “Астанагийн эдийн засгийн форум”, "Евразийн медиа форум", “Astana Club” зэрэг арга хэмжээнүүдээр дамжуулан төлөвлөдөг байсан бол шинэчилсэн хувилбарт зөвхөн "Астанагийн олон улсын форум"-ыг дурджээ.

   Түүнчлэн улс төрийн тогтолцоотой холбоотой өөр нэгэн өөрчлөлт хийсэн нь хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч Казахстаны төлөөллийн дээд байгууллага нь Курултай буюу парламент болохыг тодорхойлсон заалтыг уг баримт бичигт оруулсан байна. Ерөнхийлөгчийн зарлиг гарын үсэг зурсан өдрөөсөө хэрэгжиж эхэлжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.