Монголоор аялж буй америк эмэгтэй худалдаж авсан морио Одиссэй хэмээн нэрлэжээ
Монголын нутгаар мориор аялж буй АНУ-ын иргэн Бэтси Күгзи Завхан аймгийн Идэр суманд худалдаж авсан мориндоо Одиссэй хэмээх нэр өгснөө Фэйсбүүк хуудсаараа зарлажээ. АНУ-ын Мэрилэнд мужийн Ла Плата хотын уугуул тэрбээр Улаанбаатарын гэр хорооллын эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах үйл ажиллагаа эрхэлдэг “Veloo Foundation” сангийн ажилтан бөгөөд энэ сангийн төслүүдэд санхүүжилт босгох зорилгоор Монголын нутгаар найм дахь удаагаа аялж буй нь энэ юм. Энэ хугацаанд олон арван морь унасан ч ийм сайн морьтой таарч байгаагүйгээ тэрбээр Фэйсбүүк хуудсандаа өгүүлжээ. Аяллын зургаан өдөр энэ морийг унан, олон өндөр уул давж, ус гол туулсны эцэст үнэнхүү түшигтэй унаа хэмээн сэтгэл нь хөдөлснөө тэрбээр хуваалцсан байна. Улмаар аяллын газарчин, нутгийн иргэн Дашдоржоос уг морийг худалдан авахаар шийджээ. Одоогоос яг 10 жилийн өмнө эхлүүлсэн аяллаа Б.Күгзи англиар “Emotional Odyssey” буюу утгачилбал “Зүрх сэтгэлийн аян” хэмээн нэрлэсэн бөгөөд чухал ой тохиож байгаа тул мориндоо Одиссэй хэмээх нэр өгсөн гэнэ. Эртний Грекийн яруу найрагч Хомэрийн “Одиссэй” туульсийн зохиолын гол баатар Одиссэйн нэр англи зэрэг зарим хэлэнд урт удаан аялал хэмээх утгыг мөн илэрхийлдэг. Нийт 1600 км зам туулах Б.Күгзийн аялал дахин хоёр долоо хоног үргэлжлэх ажээ.
Канадын иргэн Жюли Вэлүүгийн байгуулсан “Veloo Foundation” сан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд нийт 370 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэг барьснаас гадна Улаанчулуутын хогийн цэг гэх мэт эмзэг бүлгийнхэн олноор байдаг газруудыг хамарсан хүмүүнлэг, эрүүл мэнд, боловсролын олон төслийг сүүлийн 13 жил тасралтгүй хэрэгжүүлсэн юм. Эдгээр төслийг хэрэгжүүлэх санхүүжилт босгохын тулд уг сан Монголын нутгаар олон зуун км зам туулах холын зайн, олон өдрийн морин аялал зохион байгуулж ирсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.



