АНУ-ын ТТГ-ын захирал Москвад очсон явдлын эргэн тойронд
Жон Рэтклифф. © Anna Moneymaker/Getty Images

АНУ-ын ТТГ-ын захирал Москвад очсон явдлын эргэн тойронд


   Сүүлийн өдрүүдэд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарал Москвад ирсэн АНУ-ын цэргийн тээврийн онгоцонд төвлөрөв. Эх сурвалжийн мэдээлснээр “Boeing C-17A Globemaster III” онгоц 25-ны өглөө Вашингтоны ойролцоох “Andrews” цэргийн баазаас хөөрч, Литвагийн нийслэл Рига хотоор дамжин ОХУ-ыг чиглэн ниссэн байна. Нислэгийн хөдөлгөөнийг хянах онлайн системийн мэдээллээс үзэхэд “Globemaster III” онгоц өглөөний 10 цагийн орчимд Москвад буужээ. CBS News сувгийн сурвалжлагч Женнифер Жэйкобс тус онгоцонд АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф яваа талаар анх X сүлжээнд мэдээлсэн байна. Ж.Рэтклифф тодорхой уулзалтууд хийхээр Орост ирсэн гэж Ж.Жэйкобс хэлжээ. Ижил төстэй мэдээллийг Axios зэрэг сайтууд мөн нийтэлсэн байна. Уг мэдээллийг баталгаажуулах Оросын болон Барууны хэвлэлүүдийн хүсэлтэд ТТГ хариу өгөөгүй аж.

   Онгоц мөн өдрийнхөө 18:50 цагийн орчимд буцаж хөөрсөн бөгөөд “ОХУ-ын агаарын хилийн хяналтын цэг дээгүүр нисэн Латвийн агаарын орон зайд нэвтэрч, улмаар Рига хотын онгоцны буудалд газардсан" гэж Европын холбооны нислэгийн удирдлагын албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Айлчлалын дараа

   Ж.Рэтклифф Москвад айлчилсан тухай мэдээлэл гарсны дараа Оросын хөрөнгийн зах зээлийн үндсэн арилжааны индекс 2.4 гаруй хувиар өсчээ. Москвагийн хөрөнгийн биржийн мэдээлснээр, тухайн өдрийн 17 цагт буюу ТТГ-ын дарга ирсэн тухай мэдээ гарахын өмнө индекс 0.65%-иар өсч 2,084.76 нэгжид, харин РТС индекс мөн 0.65%-иар өсч 788.52 нэгжид хүрсэн байв. 17:34 гэхэд Москвагийн биржийн индекс 2.41%, РТС индекс 2.41%-иар өссөн байв.

   АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Анна Луна Ж.Рэтклиффийн талаарх мэдээг эерэгээр хүлээн авчээ. Тэрбээр X сүлжээнд энх тайвны тагтааны зураг хавсаргаад "ТТГ-ын захирал АНУ-ын ашиг сонирхлын төлөө чухал зүйл хийлээ" гэж бичсэн байна. 2026 оны гуравдугаар сард А.Лунагийн урилгаар ОХУ-ын Төрийн Думын төлөөлөгчид Вашингтонд ирснээр, сүүлийн жилүүдэд царцаад байсан Орос, Америкийн парламент хоорондын яриа хэлэлцээ бодитой сэргэсэн юм.

Кремлийн тайлбар

   Маргааш нь ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Мягмар гарагт Москвад хийсэн Ж.Рэтклиффийн айлчлал хоёр орны тусгай албад хоорондын харилцаатай холбоотой байсан” гэж “The Washington Post” сонины сурвалжлагчид ярив. Сонины эш татсанаар, Кремлийн төлөөлөгч энэ яриандаа "тусгай албад хоорондын харилцаа холбоо"-ны талаар дурдсан бөгөөд айлчлалын тухайд өөр нарийн ширийн зүйл хэлээгүй талаар “The Washington Post” сонин бичжээ. Харин ТАСС агентлагт өгсөн тайлбартаа Д.Песков ТТГ-ын захирал болон ОХУ-ын ерөнхийлөгчийн уулзалт өмнө нь төлөвлөгдөөгүй байсныг тодотгов. "Энэ үйл явдал хоёр талын харилцааг одоогийн гүн хямралаас гаргах үйл явцад хэрхэн нөлөөлөхийг хэлэхэд эрт байна" гэж Д.Песков дараа нь сэтгүүлчдэд хэлжээ. Гэсэн хэдий ч тусгай албадын шугамаар харилцаа холбоо тогтоож байгаа нь өөрөө "эерэг үзэгдэл, эерэг үйл явц" гэдгийг тэрбээр онцлов. "Ийм төрлийн холбоо хоёр талын харилцааны хамгийн хүнд үед ч үргэлжилдэг. Энэ талаар манай ерөнхийлөгч ч өмнө нь хэлж байсан" гэж тэрбээр дурджээ.

ТТГ-ын захирал

   Одоо 60 настай Ж.Рэтклифф АНУ-ын Үндэсний тагнуулын газрын даргын албан тушаалыг 2020 оны тавдугаар сард хүлээж авсан бөгөөд 2021 оны нэгдүгээр сард Дональд Трампын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусмагц ажлаа өгсөн юм. Улмаар 2025 оны нэгдүгээр сард Д.Трампын нэр дэвшүүлснээр ТТГ-ын захирлын албан тушаалд томилогдсон билээ.

   Ж.Рэтклифф цагаачлалын бодлогыг чангатгах, хэд хэдэн (ихэвчлэн мусульман шашинтай) орны иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглохын төлөө тууштай байр суурь илэрхийлж байв. Мөн Хятадыг АНУ-ын ашиг сонирхолд заналхийлж буй гол аюул хэмээн удаа дараа хэлж, COVID-19-ийн "гарал үүсэл" болон вирус тархсан нөхцөл байдлыг нуусан хэмээн Бээжинг буруутгаж байсан төдийгүй БНХАУ-ын 2022 оны Өвлийн Олимп зохион байгуулах эрхийг цуцлахыг уриалж байжээ. Конгресс дахь ардчилсан намынхан Д.Трампыг эхний бүрэн эрхийн хугацаанд нь “Оростой хуйвалдсан” хэмээн буруутгаж байхад Ж.Рэтклифф ерөнхийлөгчийг дэмжиж, түүний эсрэг мөрдөн байцаалтыг ахалж байсан тусгай прокурор Роберт Мюллерийн үйл ажиллагааг шүүмжилж байсан байна. Наймдугаар сарын эхээр “The Atlantic” сэтгүүл Ж.Рэтклиффийг Киевт тагнуулын мэдээлэл өгөхийг дэмждэг, уг мэдээллийг ОХУ-ын эрчим хүчний дэд бүтцийн байгууламжуудад цохилт өгөхөд ашигладаг байж болзошгүй хэмээн бичиж байв. 2026 оны гуравдугаар сард ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова, ОХУ-ын нутаг дэвсгэр дэх объектуудыг онилоход ашигладаг тагнуулын мэдээллийг Киевт дамжуулахыг  эсэргүүцэж байгаагаа ОХУ АНУ-д тогтмол анхааруулж байгааг онцолж байсан юм. Түүний хэлснээр, Америкийн тал энэ анхааруулгыг жижүүрийн үгээр аргацаах, эсвэл бүр огт чимээгүй өнгөрдөг байна.

Тагнуулын байгууллагуудын харилцаа

   2026 оны зургаадугаар сард ОХУ-ын Гадаад тагнуулын албаны дарга Сергей Нарышкин Украины асуудлаар ТТГ-тай харилцаатай хэвээр байгаагаа ТАСС агентлагт мэдэгдсэн. Энэ талаарх асуултад хариулахдаа тэрбээр "[ТТГ-тай харилцаатай] байгаа, өмнөх удирдлагын үеийнх шиг идэвхтэй биш ч гэсэн байгаа" гэж хэлжээ. Тэрбээр 2026 оны хавар мөн үүнийг баталж байсан юм. 2025 оны гуравдугаар сарын 11-нд С.Нарышкин Ж.Рэтклиффтэй утсаар ярьсан. ГТА-ны хэвлэлийн албанаас мэдээлснээр, хоёр улсын тусгай албад нийтлэг ашиг сонирхлын хүрээнд болон хямралт нөхцөл байдлыг зохицуулах чиглэлээр хэрхэн хамтран ажиллах асуудлыг хэлэлцсэн бөгөөд олон улсын тогтвортой, аюулгүй байдлыг хангах, Москва болон Вашингтоны харилцаан дахь сөргөлдөөнийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор тагнуулын дарга нарын хооронд тогтмол холбоотой байх тохиролцоонд хүрсэн байна. Мөн оны зургаадугаар сард ГТА-ны дарга сэтгүүлч Павел Зарубинд Ж.Рэтклиффтэй утсаар ярьсан тухайгаа өгүүлэхдээ “Бид хүссэн үедээ холбоо барьж, сонирхсон асуудлаа хэлэлцэх боломжийг бие биедээ нээлттэй үлдээсэн" гж хэлсэн юм. Мөн ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа тэрбээр энэ яриаг үр дүнтэй болсон гэж үнэлээд “Явцын дунд бид бичелэн уулзахыг ч үгүйсгэхгүй" гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.