Японы ерөнхий сайд ОХУ-д босгосон хөшөөг буулгахыг шаардав
Японы ерөнхий сайд Санаэ Такаичи ОХУ-ын Хабаровск хотод босгосон, Дэлхийн II дайнд ЗХУ милитарист Японыг ялсны дурсгалын хөшөөг буулгах ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. Өчигдөр X хуудсандаа тэрбээр, Японы төрийн бэлгэдэл болох эзэн хааны сүлд шиваантиг цэцгэн дээр Зөвлөлтийн цэрэг гишгэж буйг дүрсэлсэн дурсгалын хөшөөг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ. "Энэ нь Японы ард түмнийг эмзэглүүлж буй хэрэг тул манай Засгийн газар хөшөө босгох үйл явцыг зогсоох төдийгүй хөшөөг буулгах хатуу шаардлагыг Оросын талд хүргүүлсэн" хэмээн тэрбээр бичсэн байна. “Победа на Востоке” хэмээх дурсгалын цогцолборыг Хабаровск хотод өнгөрсөн баасан гарагт нээсэн юм. Шиваантиг нь Японы үндэсний бэлгэдэлт цэцэг бөгөөд эзэн хааны сүлд, мөн Японы иргэний үнэмлэх дээр дүрсэлдэг байна.
С.Такаичи өнгөрөгч наймдугаар сарын 15-нд Токиогийн Ясүкүни сүмд ёслолын өргөл илгээсэн бол тус улсын Батлан хамгаалахын сайд Шинжиро Коизүми Дэлхийн II дайн дууссаны 81 жилийн ойг тохиолдуулан тус сүмд зочилсон билээ. Ясүкүни сүм нь зөвхөн амь үрэгдсэн японы цэргүүд төдийгүй Дэлхийн II дайны 14 гэмт хэрэгтний дурсгалыг хүндэтгэдэг хэмээн Хятад, Өмнөд Солонгос зэрэг улс үздэг бөгөөд Японы сайд нарын тус сүмд зочлох нь милитаризмыг зөвтгөсөн хэрэг хэмээн эсэргүүцдэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.




